Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 382 жилийн ой өнөөдөр /2021.10.29/ тохиож байна.
Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.
1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Өргөө хот нь Номын хүрээ, Их [Да] хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байсан.
Өргөө хот нь олон удаа нүүдэллэсний эцэс одоогийн Улаанбаатар хотын нутагт шилжин ирснээр хотын суурьшил эхэлжээ. Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, баруун, зүүн дамнуургачин, маймаа хот, Консулын дэнж, хүрээ харчуул, хороо харчуул хэмээн хуваагддаг байв.
БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хурал, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлэг тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтоожээ. Энэ үе нь Улаанбаатар хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байсан.
1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааг өөрчлөн Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатар гэсэн дөрвөн районд хуваажээ. 1973 онд Гацуурт хороо, 1976 онд Партизан хороо, 1978 онд Багануур хороо шинээр нэмэгджээ.
Нийслэл хот нь өдгөө 9 дүүргээс бүрдэх бөгөөд улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг ба ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг.