Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-нд 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Тус барилдаанд шөвгөрсөн 16 бөх болон өөрсдийн саналаар шинжилгээ өгөхийг хүссэн хоёр бөхөөс Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага шинжилгээ авсан юм. Энэхүү допингийн шинжилгээний хариу гарсан бөгөөд дөрвийнх нь А сорьцоос допинг илэрчээ.
Энэ талаар МҮБХ мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Дөнгөж сая Допингийн үндэсний төвөөс манайд 18 бөхийн допингийн шинжилгээг ирүүллээ. Харамсалтай нь дөрвөн бөхийн шинжилгээнээс допинг илэрлээ. Өнөөдөр бөхчүүдэд шинжилгээний хариуг илгээсэн. Бөхчүүд В сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа 10 хоногийн дотор өгнө. Хэрвээ В сорьцоо шинжлүүлэхгүй гээд, А сорьцны хариугаа хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана” гэлээ.