“Halloween” буюу сүнсний баяр нь Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг. 2019 онд БСШУС-ын сайдын тушаал гарч хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байхыг зөвлөж эхэлсэн юм. Энэ удаа тус яам мөн ижил агуулгатай тушаал гаргаж ЕБС, цэцэрлэгүүдэд хүргүүлжээ.
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Хуулийн хэрэгжилтийг хангах тухай тушаалд: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4, 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
- Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чалаат цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөсүгэй.
- Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын газар, сургуулийн өмнөх боловсролын бодлогын газарт тус тус даалгасугай.