“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд – ll” олон улсын эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудал хэмээх салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Энэ үеэр “Өсвөр насны сэтгэл гутрал ба сэтгэл зүйн хүчин зүйлс” сэдвээр Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч Б.Баярмаагийн танилцуулсан илтгэлээс зарим зүйлийг онцлон хүргэе.
Сэтгэл гутрал ба сэтгэлээр унах хоёрыг ялган танихад төвөгтэй байдаг ч уцаарлах, муухай аашлах, уйтгарлах, сэтгэлээр унах шинж тэмдэг хоёр долоо хоногоос удаан үргэлжилбэл анхаарал хандуулах шаардлагатайг илтгэдэг гэдгийг тэрбээр онцоллоо.
Харин хоёр долоо хоногийн хугацаанд хэвийн байдалдаа орж чадвал энгийн зүйл аж.
Түүнчлэн тэрбээр судалгааны явцад өсвөр насныхны 546 хүүхдээс сэтгэлээр унах, гутрах тохиолдол байсан уу, хэрэв тийм бол ямар шалтгаанаас болсон талаар асуулга авахад 76 нь гэр бүлийн зөрчлөөс, 67 нь эдийн засагтай холбоотой шалтгаанаар сэтгэлээр унаж байсан гэсэн бол 65 нь цахим гадуурхалтаас болсон гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс ердөө 12 нь л сэтгэлээр унах, гутрах тохиолдол байгаагүй гэжээ.