“Бээжин 2022” Өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгааг тэмдэглэхээр төлөвлөж буй цуврал ёслолын хүрээнд 2022 оны Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадмын медалийг мягмар гарагт БНХАУ-д танилцуулав.
Тус Өвлийн олимпын наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотноо мөсний төрлүүд, Жанчхүү/Жан-зя-коу/-д цасны төрлийн спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд паралимпын наадам 10 гаруй хоногийн дараа 3 дугаар сарын 4-13-нд болно.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын зохион байгуулах хорооноос олимп эхлэхээс 100 хоногийн өмнө ийнхүү медалиа танилцуулж, Хятад орны соёл, оюун санааг илэрхийлсэн медалиуд нь уран бүтээлчдийн шинэлэг санаа, урам зориг өгөх бүтээлч сэтгэлгээг багтаажээ.
Хятадын соёлыг илэрхийлсэн 5 цагираг бүхий эртний Хятадын хаш чулуун дугуй унжлага дээр суурилсан бөгж, голоос бүрддэг уг загвар нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг цуглуулж, наадамд оролцох Олимпийн сүнсийг бэлгэдэж байгаа аж. Энэ медаль дээр Хятадын уламжлалт гүн ухааны тэнгэр, газар, хүний зүрх сэтгэлийн холбоог илтгэсэн 5 тойргийг ийнхүү дүрсэлсэн нь мөн олимпын 5 цагаригийг бэлгэдэж байгаа аж. Уг 5 цагаригийг тойруулаад XXIV өвлийн олимпын наадмын албан ёсны нэрийг англиар бичиж, цасан ширхэг, үүл сийлсэн юм байна.
Ар талд Бээжингийн олимпын эмблем, тойруулаад наадмын албан ёсны нэрийг хятадаар бичсэн байна. Эмблемийг хүрээлсэн 5 тойрогт одод дүрслэгдсэн нь хүн, байгалийн хэлхээ холбоог харуулахаас гадна тамирчид олимпод од адил гялалзахыг бэлгэдсэн утгатай аж.
Медалийн загвар нь 2008 оны Бээжингийн зуны олимпын наадмын хаш чулуун шигтгээтэй медалийг давтаж, олимп, паралимпын наадмыг зуны болон өвлийн улиралд зохион байгуулдаг анхны “хос олимпын хот” болох Бээжинг улам батлан харуулж өгсөн байна.
2022 оны Бээжингийн Өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдгийг медалийн арын голд сийлсэн бөгөөд наадмын хятад нэрийг эргэн тойронд нь сийлжээ.
Спортын төрөл бүрийн нэрийг медалийн ар талын хамгийн гадна талын цагираг дээр сийлсэн байх ба цагираг дээр эртний одон орны газрын зурагтай адил 24 цэг, нум сийлсэн байна. Энэ нь өргөн уудам одтой тэнгэр, хүн төрөлхтөн ба байгаль хоёрын зохицол, тамирчдын наадмын үеэр хурд, эрч хүчнийхээ оргилд хүрэх хүсэл эрмэлзлийг бэлгэддэг юм байна.
Медалийн туузыг уламжлалт ялам торгоны аргаар нэхэж хийжээ. Мөс, цасны хээг өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдэг, “Бээжин-2022” гэсэн бичиг болон бусад элементүүдээр хэвлэсэн байна. Улаан тууз нь Хятадын хаврын баярын онцлогийг илэрхийлж, тамирчдад баярын халуун мэндчилгээг илэрхийлж байгаа аж.
Өвлийн хоёр наадам адилхан онцлогтой гэсэн зарчмын үндсэн дээр олимп, паралимпын өвлийн наадмын медалиудыг ижил үзэл баримтлалаас санаа авч, ижил загвараар гаргажээ.
Эх сурвалж: