Нэрт жүжигчин Алек Болдуинд цэнэглэсэн зэвсэг өгсөн “Зэв” киноны туслах найруулагч Дэйв Холлс өмнө нь ч зэвсэг ашиглахдаа аюулгүйн дүрэм журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр киноны зураг авалтын ажлаас халагдаж байжээ.
CNN суваг энэ тухай анх мэдээлсэн байна. Rocket Soul Studios компани ч энэ хэргийг 2019 онд “Эрх чөлөөний зам” киноны зураг авалтын үеэр гарсан болохыг баталсан байна. Тухайн үед зураг авалтын багийн нэг гишүүн цэнэглэсэн зэвсгээр санамсаргүй буудсанаас болоод багахан хэмжээгээр бэртэж байжээ.
“Энэ буун дуу гарсны дараа Холлсыг шууд л зураг авалтын талбайгаас хөөж байсан. Дэйвийг талбайг орхих хүртэл зураг авалтыг явуулаагүй. Энэ хугацаанд болсон явдлын рапорт бүрдүүлж, өгч байсан”, – хэмээн Rocket Soul Studios мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Гэхдээ компаниас Холлсыг “Зэв” киноны зураг авалтын үеэр болсон асуудалд холбоотой гэх ямар ч нотолгоо байхгүй гэдгийг онцолсон байна.
Дэйв Холлс нь Болдуинд зэвсэг өгөхдөө “хүйтэн” гэж хэлсэн тухай мэдээлэл гарсан. Энэ нь киночдын хувьд зэвсгийг цэнэглээгүй, аюулгүйгээр ашиглаж болно гэсэн санаа юм байна.
Холлстой өөр нэгэн төсөл дээр хамтран ажиллаж байсан зураг авалтын багийн нэг гишүүн ням гарагт мэдэгдэхдээ, 2019 онд түүний аюулгүй байдалд тавьдаг асуудалд их санаа зовж байсан гэжээ.
Тэгвэл New York Times сонин Нью-Мексико мужийн Санта-Фе тойргийн прокурорын газрын эх сурвалжийн мэдээллийг дамжуулсан. Үүнд зураг авалтын талбай дээр гарсан буудалцаантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: BBC