БНХАУ-ын Кибер орон зайн удирдлагын газар насанд хүрээгүй хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ эцэг эхийнхээ мэдээллийг заавал бүртгүүлэх, эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шинэ журам боловсруулжээ.
Мягмар гаригт тус алба WeChat нийгмийн сүлжээнд интернет дэх хэрэглэгчийн бүртгэлийг бүртгэхтэй холбоотой шинэ журмын төслийг нийтэлсэн байна. Энэхүү журмын төслийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэгт өрнүүлэх бөгөөд 11-р сарын 10-ныг хүртэл олон нийтийн саналыг хүлээн авах юм байна.
WeChat нийгмийн сүлжээнд тавигдсан шинэ заалтад насанд хүрээгүй хүмүүс интернэтэд данс бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, мөн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсныг гэрчлэх бодит мэдээллийг өгөх шаардлагатай болох юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос “Хүүхдийг цахим орчинд донтохоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд идэвхтэй оролцох тухай” Гэрийн боловсролыг дэмжих тухай хуулийг баталсан юм.
Мөн БНХАУ-аас есдүгээр сарын 1-нээс эхлэн “хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах” зорилгоор насанд хүрээгүй хэрэглэгчдийн онлайн тоглоом тоглох эрхийг долоо хоногт гурван цаг байхаар хязгаарлаад байгаа юм.
Холбогдох байгууллагууд онлайн тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад тавих хяналт шалгалтыг чангатгаж, эдгээр хязгаарлалтыг хэрхэн дагаж мөрдөж байгааг хянах, илүү цагаар тоглож буй насанд хүрээгүй тоглогчдыг илрүүлэхийн тулд хэрэглэгчийг таних ажлыг зохион байгуулна гэж тус газраас мэдэгджээ.
TikTok-ийг эзэмшдэг Хятадын ByteDance компани 9-р сарын сүүлээр 14-өөс доош насны өсвөр насныханд зориулсан програмын Хятад хувилбарт (Douyin) хязгаарлалт хийжээ. Энэ хязгаарлалтын дагуу уг програмыг өдөрт 40 минутаас илүүгүй хугацаанд ашиглах боломжтой болсон байна.
Тус компанийн мэдэгдсэнээр 14-өөс доош насны бүх хэрэглэгчид “залуучуудын горим”-д шилжсэн бөгөөд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид мөн энэхүү горимд шууд шилжих юм байна.