Монголын Үндэсний музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимууд дахь үзмэрийг бүх насны хүмүүст ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзүүлэх тал дээр байнга анхаарч, тандалт судалгаа хийж, түүндээ тохирсон цаг үеэ мэдэрсэн үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.
Сүүлийн үед үзэгчдийн хүсэл сонирхол дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаж виртуал, дижитал үзүүллэгүүдийг ихээр сонирхох болсонтой холбогдуулан бид Монголын эзэнт гүрний танхимын үзмэрүүдийг Зэв дижитал музейн интерактив контенттой хослуулан шинээр дэглэн үзэгчиддээ бэлэг болгон барьж байна.
“Монголын эзэнт гүрэн” байнгын үзүүллэгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан Мифокс анимейшн студийн чадварлаг хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэв.
Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм.
Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж байна.
Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан манай үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой юм.