Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсын нийт 130 мянга гаруй барилга байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хурлаар газар хөдлөлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэхажлын талаар хэлэлцсэн бөгөөд энэ үеэр холбогдох албаныхан дээрх дүгнэлтийг танилцуулсан байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсад 3.5 магнитуд болон түүнээс хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд болсон газар хөдлөлтийн дундажтай харьцуулахад 577-оор өссөн үзүүлэлт аж.
Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53 хувь, цахилгаан шугам сүлжээний 40 хувь, дулааны станцын 58 хувь, автозам, замын байгууламж 82 хувь, шатахуун түгээх станцын 73 хувь шаардлага хангаж байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн дийлэнх нь 1970 оноос өмнөх үеийнх байгаа аж.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд 18.1 хувьтай хэрэгжиж байна. Шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт, эрх зүйн орчинг бүрдүүлсэн журам дутагдаж байгааг зөвлөлийн гишүүд дурдаж байв.
Шадар сайд С.Амарсайхан, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдлийн судалгаа тооцоолол чухал. Өнөөдөр нийслэлийн барилга байгууламжийн хоорондох зай, талбайгаас эхлээд шатахуун түгээх станцууд эрсдлийн өндөр түвшинд бий. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл урьдчилан сэргийлэх нарийвчилсан судалгаа тооцооллуудыг гаргах хэрэгтэй. Эрсдлийн үнэлгээгээ үндэслээд хүн хүчний нөөцөө тооцоолж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах боломжтой” хэмээв.
Тэрбээр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн арга барилыг өөрчилж, зөвлөлийн гишүүдийг тоо баримт хэлэхээс илүүтэй эрсдлийг даван туулах цогц ажил хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа.