Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 10 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ энэ 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын итгэлтэй түнш байж, харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин бэхжиж ирснийг, цаашид ч мөн хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийг эрмэлзэж буйгаа нотолж, салбар хоорондын харилцан хамаарал өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед эрдэмтэн судлаачдын зөвлөмж, санал санаачилга хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлох, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад чухал хувь нэмэр болохыг тэмдэглээд олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд судлаачдын оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын олон улсад хүний эрхийн чиглэлээр хийж буй ажил, санаачилгаараа үлгэр жишээ орнуудын нэг болохыг дурьдаж, бүс нутагтаа Хүний эрхийг хамгаалагчдын эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан анхдагч орнуудын нэг болсныг онцлов. Тэрээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа 27.2 хувьд болгон ахиулан тодорхойлсныг тэмдэглэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж, манлайлал үзүүлж буйд талархал илэрхийлэв.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр олон улсын харилцааны эрдэмтэн, судлаач, албаны хүмүүс “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: гадаад, дотоод хүчин зүйлийг нэгтгэн шинжихүй (1946-1961 он)”, “Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жаран, цаашдын чиг хандлага”, “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Дэлхийн төлөв байдал, Монгол Улсын боломжууд”, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын Зэвсэгт хүчин: оролцоо, сорилт, боломж”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт: Монгол ба НҮБ” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.