Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) болон Дэлхийн Банк (ДБ) хамтран хийж буй “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны 2021 оны 6 дугаар сарын 14-23-ны хооронд зохион байгуулсан тав дахь шатны үр дүн гарчээ.
Тус судалгаагаар Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгаанд хамрагдсан өрхүүдээс 2,000 өрхийг дэд түүвэрлэлт хийн сонгож, улсын хэмжээнд төлөөлөх чадвартай байх нөхцөлийг ханган нэг ижил өрхүүдээс хэд хэдэн үе шаттайгаар мэдээлэл цуглуулсан байна.
Судалгааны үр дүнгээс:
- Эмэгтэйчүүд болон орлого багатай, ядуу ажиллагчид ажлаа зогсоох нь 4-өөс 6 дугаар сарын хооронд бага зэрэг нэмэгдэх хандлагатай байжээ.
- Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 37 хувь нь 5 дахь шатны судалгааны үед ажил эрхлээгүй байсан ба 4 дэх шатны судалгааны үеийнхээс 6 нэгж хувиар нэмэгдсэн байна.
- 4 болон 5-р шатны судалгаа хооронд эмэгтэйчүүд ажиллахаа зогсоосон нь 10 нэгж хувиар нэмэгдэж 42 хувь хүрсэн бол, эрэгтэйчүүдийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна (27 хувь). 5 дугаар шатанд ажил эрхлээгүй байгаа эмэгтэйчүүдийн 70-аас илүү хувь нь эргэж орох ажил байхгүй гэж хариулсан нь тэднийг урт хугацаанд эсвэл бүрмөсөн ажлаа алдсаныг илэрхийлж байна.
- Хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн ажиллагчдын ажиллахаа зогсоох магадлал хамгийн их хэрэглээтэй 60 хувийн ажиллагчдаас 10 нэгж хувиар илүү байгаа нь амьжиргааны ялгаатай бүлгүүдэд хөдөлмөр эрхлэлтээ сэргээх тэгш боломж алдагдсаныг илэрхийлж байна.
- 4-өөс 5 дахь шатны хооронд ХАА-н бус бизнесүүд нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь бизнесийн орлого сэргэх хандлагатай байгааг илэрхийлжээ.
- 4-өөс 5 дахь шатны хооронд үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаа бизнес эрхэлдэг өрхүүдийн эзлэх хувь 18-аас 65 хувь болж нэмэгдсэн байна.
- 5 дахь шатанд бизнесийн орлого өмнөх 9 дүгээр сараас (2 дахь шат) хойш хамгийн их сэргэлтийг үзсэн ба бизнес эрхлэгч 10 өрх тутмын 3 нь цар тахлын өмнөх үетэй ойролцоо буюу илүү орлого олсон гэж мэдээлсэн. Энэ нь 3 дахь (2020 оны 12 сар) ба 4 дэх (2021 оны 4 сар) шатны судалгааны үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.
- Хэдийгээр 5 дахь шатанд хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүдийн орлого нэмэгдсээр байгаа ч аж ахуй эрхлэх орцын үнийн өсөлт малчид, тариаланчдын санааг зовоосоор байна.
- Өрхүүдийн нийт орлого 4-өөс 6 дугаар сарын хооронд сэргэсэн боловч 10 өрх тутмын 3 нь цар тахлын өмнөх үеэсээ бага орлого олсон хэвээр байна.
- Ядуу өрхүүд хүнсний бус хэрэглээгээ танах замаар хямралыг даван туулах аргыг илүү хэрэглэж байгаа нь өрхийн амьжиргаанд урт хугацаандаа хоруу нөлөөтэй байж болох эрсдэл үүсгэж байна.
- Хүүхдийн мөнгө хөтөлбөр өрхийн орлого алдагдлын хямралыг зөөлрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсоор ирсэн бөгөөд ядуу өрхүүд хоол, хүнсний зүйл худалдан авахад шууд зарцуулдаг бол ядуу бус өрхүүдийн тэн хагас нь хадгалдаг байна.
- Хүүхдийн мөнгө авсан өрхүүдийн 90 хувь нь тус хөтөлбөр хямралыг зөөллөхөд бүрэн буюу хэсэгчлэн тус болсон гэжээ.
- Өрхүүдийн 70 хувь нь цар тахлын үед ЗГ-аас хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ тусламж хэрэгтэй хүмүүстээ хүрсэн гэж үзжээ.
- Ядуу болон цар тахлын нөлөөнд өртсөн өрхүүд хангалттай, эрүүл, олон төрлийн хүнс хэрэглэх боломж багатай байна.
- Мөн цар тахлын улмаас орлого алдсан өрхүүдийн хүнсний баталгаат байдлын алдагдал орлого алдагдалгүй өрхүүдээс 8-26 нэгж хувиар илүү байгаа нь урт хугацаандаа эдгээр өрхийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд өртөх болон бүтээмж нь буурах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэх юм.
- Дельта хувилбарын тархалтын үед эмчилгээ хийлгэх шаардлага гарсан 5 өрх тутмын 1 нь эмчилгээ, үйлчилгээ авч чадаагүй байна.
- Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн хот, хөдөөгийн ялгаа 4-р сараас хойш багассан ч өрхүүдийн 19 хувь нь яаралтай эмчилгээ, үйлчилгээ авч чадаагүй нь голчлон ковидын халдвар авахаас болгоомжилсон, эмнэлгийн хүрэлцээ, хүчин чадал хангалтгүйгээс шалтгаалсан байна.
- Зээлтэй 4 өрх тутмын 1 нь 4 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийж чадаагүй байна.
- Зээлтэй ядуу өрхүүд зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадахгүй байх нь ядуу бус өрхүүдээс 5 нэгж хувиар их байна.
Эх сурвалж: ҮСХ, Дэлхийн банк