Засгийн газар, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын түвшинд Ч.Сайханбилэгийг Монголд авчрах талаар ярилцаж, эхний ээлжинд Интерполоор дахин эрэн сурвалжлуулна гэдэг дээр тохиролцсон сурагтай.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ, прокурорын байгууллагууд Дубайн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх мэт хэргүүдэд шалгаж байгаа бөгөөд түүний байцаалт дутуу байгаа юм.
Ч.Сайханбилэг нь хоёр жилийн өмнө Солонгост эмчлүүлнэ гэж хэлээд улсын хил давснаасаа хойш буцаж ирээгүй. АНУ-д амьдарч байгаа бөгөөд үе үе цахим сүлжээгээр мэдэгдэл хийдэг болсон юм.
Энэ хооронд нэг хэрэгт хамт шалгагдсан хүмүүс нь ял авч, нөгөө хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Мөн эдгээр хэргийн холбогдогчид “Бүгдийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэднэ” гэсэн агуулгатай мэдүүлэг өгдөг сурагтай. Хуулийнхан Ч.Сайханбилэгийг авчирвал дээрх хэргүүдийн хамгийн том зохион байгуулагч ил болно гэж үзэж байгаа гэнэ.