УЛААНБААТАР, Монгол Улс. Монгол дахь Америкийн Худалдааны Танхи (АмЧам Монгол) цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, тав дахь жилдээ оюутан залууст зориулсан АмЧам Ментор өдөрлөгийг Хаан банк цамхагт амжилттай зохион байгууллаа.
Ментор өдөрлөгт дотоодын их, дээд сургуулиудын 30 оюутан залуус оролцсон бөгөөд бүтэн өдрийн турш Монголын тэргүүлэх бизнесийн манлайлагчдын илтгэлийг сонсож, шилдэг компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, ажлын байранд үүсч буй шинэ чиг хандлага, эзэмших шаардлагатай ур чадвар болон өөрсдийн нөөц бололцоогоо хэрхэн бүрэн дүүрэн ашиглан карьераа амжилттай ахиулах талаар олон төрлийн сонирхолтой мэдээлэл сонслоо.
Энэхүү арга хэмжээг АмЧам Монголын ТУЗ-ийн дэд дарга Н. Мөнхнасан нээж хэлсэн үгэндээ АмЧам Монгол нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэ өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж ирсэндээ их баяртай байгаагаа онцлон тэмдэглэж, өдөрлөгт оролцож буй оюутан залууст цаашдын Ментор өдөрлөгт зочин илтгэгчээр оролцохыг хүсэн ерөөв.
Энэ жилийн Ментор өдөрлөгт АмЧам Монголын гишүүн байгууллагууд болох Ард Санхүүгийн Нэгдэл, Barloworld Mongolia, DB>S LLP, Faro Foundation/Facebook, Наран Мандал, Steppe Group, Хаан банк болон хамтран ажилладаг уламжлалт түнш Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, TomYo Edtech боловсролын байгууллагын гүйцэтгэх удирдлагууд урилгаар хүрэлцэн ирж, бүтэн өдрийн турш илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүлж, ажил мэргэжлийн амжилтаа хэрхэн эхлүүлсэн туршлагаасаа хуваалцаж, оюутнуудад урам зориг өгөх яриа хийж, сонирхсон асуултад хариулав.
Мөн арга хэмжэээнд Mongolian Talent Network, MCS, Хаан банк, TomYo Edtech зэрэг байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож өргөдөл, намтраа хэрхэн зөв бичих, ажлын ярилцлагын үеэр ямар ур чадвараа илүү тодотгон ярих талаар практик зөвлөгөө өгч сургалт явуулсан юм.
Өдөрлөгт АНУ-ын Элчин сайдын яам oролцож, гадаадад суралцах боломжийн талаар зөвлөгөө өглөө.
АмЧам Монголын энэ жилийн Ментор өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Barloworld Mongolia, Herbalife Nutrition болон Хаан банк хамтран ажиллалаа.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.