Орон сууцны зээлийн гэрээ хийсэн иргэн хэрхэн хэрхэн хохирсон талаараа өөрийн цахим хаягтаа бичжээ. Иргэн Г.Сэржхоролын бичсэн постыг ямар нэгэн засваргүй хүргэж байна.
11 жилийн өмнө ХХБ-тай орон сууцны зээлийн гэрээ хийж 100 сая-н зээлтэй 94м2 байранд орж байв. Тэр үед ипотекын 8%, 6% ОСК, МИК сураггүй байсан л даа, энгийн жилийн 16% хүүтэй зээлээр авсан юм.
Энэ хугацаанд нийт зөвхөн хүүнд 146 сая орчим төгрөг төлж үндсэн зээлээс 25 хүрэхгүй сая төг хасагдсан байдаг.
Жилийн 6%, 8% төлж байгаа ипотект хамрагдсан хүмүүст бараг л атаархдаг байв, нугалсан өндөр хүү төлдөг учраас. Манайх яаж ч хичээгээд ипотект хамрагдах боломжгүй, учир нь дээд хязгаар нь гээд 80м2 дотор л хамрагдах журамтай учир
Ингэж явсаар 10 сарын 10-нд зээлээ хаалгаж байраа зарах болов оо.
Хамаг зүйл энэ өдөр эхэлсэн. Зээлээ хаалгаж хамаг хүүгээ ковидын хойшлуулсантай нь төлж гэрчилгээгээ аваад нотариат дээр очтол таны орон сууц давхар Монголын Ипотекийн Корпораци дээр зээлийн бүртгэлтэй байна гэх нь тэр ээ.
Тийм байх учиргүй, энэ байр маань ипотекийн зээлийн журам шаардлагаас хэтэрсэн лимиттэй учир оролдоод ч нэмэргүй байсан юм гэж учирлав. Үл хөдлөх дээр очлоо, бас л таны байр ипотект бүртгэлтэй байна!!! гэв.
Учрыг нь олохоор эргээд баяртай гээд гарсан ХХБанкандаа хандлаа…Дүлэгнээд тоймтой юм хэлээгүй ч бид хурдхан МИК (Ипотекээс) -с хасуулаад өгье гэвэй
ХХБ-ны төв банканд нь очиж хэрэглэгч хариуцсан хэлтсийн даргатай нь уулзав, бүх зүйл тодорхой боллоо.
2017 онд миний нэрээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалж (мэдээж надад хэлэлгүйгээр) МИК-с 6% хүүтэй ипотекийн зээл авчихсан хэрэг.
Одоо танд нэг зүйл анзаарагдаж байна уу, иргэнд хэлэлгүйгээр иргэнд олдох боломжгүй орон сууцны зээлийг (төрөөс ипотекийн зээл 80м2 хүртэлх гээд хатуу заачихсан, харин минийх 94м2) хувийн банк санхүүжилт босгох зорилгоор төрөөс хусчихсан хэрэг!
Би яг энийг бол ХУЙВАЛДААН гэж хардаж байна!
Эхний хууль бус үйлдэл нь энэ.
Хоёр дахь нь, ХХБ надаас болохоор орон сууцны зээлийн хүүнд 16% олон жилийн турш хүүлсэн, харин надаас нууцаар Монголын Ипотекийн Корпорациас 6%. Зөрүү 10%-г хууль бусаар ямарч байсан 4 жилийн турш луйварджээ гэж хардаж байна.
Миний буруу нь гэнэт зээлээ хааж үүнийг нь мэдчихсэн, тэдний алдаа нь намайг гэнэт зээлээ хаана гэж тооцоолоогүй байсан байх. Аймаар уу??, хамгийн аймаар зүйл бол надаас өөр хэдэн мянган зээлдэгч өөрийн нэрээр төрийн мөнгийг хувийн банканд нууцаар санхүүжүүлж, мөн давхар хүүлүүлж суугаагаа мэдэхгүй байж магадгүй явдал! Хэдэн арван тэрбумын ажил болно байх.
Энэ бол ганц нэг банкны захирал хийчих зүйл гэж бодохгүй байна. ХХБ, Ипотекийн корпораци, Монголбанкнаас ч хүмүүс оролцсон байх гэж хардаж байна.
Иймд дахин олон жил, өөр олон иргэн энэ мэт хууль бус хүүлүүлэхгүйн үүднээс яг энэ асуудлыг эхнээс нь ул суурьтай шалгаж хариу ирүүлнэ үү гэж Санхүүгийн Зохицуулах Хороо-нд албан ёсоор хандаж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам-ны авилгын эсрэг хороо анхааралдаа аваасай гэж хүсч байна. Монголбанк /Монгол Улсын Төв банк/ үүнийг хянаад хариу өгнө үү гэж хүсч байна.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч сурвалжлаасай гэж хүсч байна
БГД, 17-р хорооны иргэн Г.Сэржхорол