Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны ойролцоо өчигдөр орон нутгийн цагаар 12:00 цагт сэжигтэй илгээмж олдсон учраас Цагдаагийнхан барилгын эргэн тойрныг хамгаалалтад авчээ. Нью-Йорк хотын энэ районд НҮБ-ын байрнаас гадна олон улс ЭСЯ байрладаг учраас өндөр анхаарал тавьсан аж.
Манхэттений нэгдүгээр өргөн чөлөөнд байрлах барилгуудын эргэн тойрон дахь блок, байруудыг бүсэлсэн бөгөөд төв байрнаас гарах гол гарцыг хааж, тэсрэх бөмбөг устгах тусгай баг ажиллуулж талбайд аюулгүй байдлын үзлэг шалгалт хийсэн байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн урьдчилсан мэдээллээр сэжигтэй илгээмж нь хайрцагтай цэцэг байсан гэнэ. Хууль сахиулах байгууллага одоогоор нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.