Улсын гуравдугаар эмнэлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас ковидын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 1800 орчим ковидын халдвартай иргэдийг хүлээн авч, эмчилжээ. Эдгээр иргэдийнс 18-20 орчим хувь нь Ковид-19 халдварын нэн хүнд хэлбэртэй эмчлэгдсэн бол 60-аас дээш хувь нь хүнд хэлбэрээр өвчилсөн байсан гэж Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир өнөөдөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр мэдэгдлээ.
Архаг, хууч өвчтэй иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт идэвхи муу байна. Тиймээс өвчлөл буурахгүй, нас баралт их байна. Гуравдугаар тунд 65-аас дээш насныхан зайлшгүй хамрагдах ёстой. Ковид туссан архаг хууч, өвчтэй, ахмад настай хүмүүс нэмэлт тунд хамрагдаагүйн улмаас өвчин нь илүү хүндэрч, амьсгалын аппарат зүүж байна. Тиймээс дээрх хүмүүс дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдахыг урилж байна.
Түүнчлэн эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэж байгаа иргэдийг дагаж 4-5 хүн, хөдөө орон нутгаас ирсэн хүнтэй 20 гаруй хүн дагаж явах нь хүндрэл үүсгэж байна. Иймд нэн шаардлагатай 1-2 хүн дагуулж явах хэрэгтэй байна.
Вакцинд хамрагдаагүй иргэд хүндрэх эрсдэл өндөр байна. Эмнэлэгт ирж байгаа иргэдийн хувьд архаг суурь өвчтэй ч гуравдугаар тунд хамрагдсан бол хөнгөн өвдөж байна. Харин гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийн хувьд нэн хүнд өвдөж байгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал мэдээлэв.