Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10:12 цагт 10 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцжээ.
Хуралдаанаар эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэн юм.
Дараагаар нь Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямын тавьсан “Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.
Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гарсан. Засгийн газрын шийдвэрээр ашиглагдаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмж хоёр эгнээ авто зам барихаар төлөвлөсөн гэдгийг Л.Халтар сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж.
Тодруулбал,
- Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц,
- Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц,
- Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлыг III багц,
- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц,
- Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажил V багц хэмээн зохион байгуулсан байна.
Харин II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, дахин тендэр зарлаж, 2021 оны долдугаар сард сонгон шалгаруулалтыг явуулжээ. II багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулсан.
IV багцын гүйцэтгэгчээр “Чайна Жео-Инженеринг” корпораци сонгогдсон ба 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн байна. II багцын санхүүжилтийн өртөг 15.2 хувь, ажлын гүйцэтгэл 18.5 хувь байгаа бол IV багцын тухайд санхүүжилтийн өртөг 5.32 хувь, ажлын гүйцэтгэл 7.5 хувьтай байгаа юм байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”- ийн зам барилгын ажлын талаар үргэлжлүүлэн Л.Халтар сайд танилцуулав.
Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр хоёр эгнээ авто зам барих ажлыг хийж гүйцэтгэх ба Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийн ажил таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны аравдугаар сард байгуулжээ.
Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажил I багц, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажил II багц, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажил III багц, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил IV багц, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажил V багц гэсэн зохион байгуулалттай бөгөөд Итали Улсын “Аи Ар Ди Инженеринг” компани болон БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компанийн түншлэл, хамтран оролцогч Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг ХХК зөвлөх компаниар ажиллаж байгаа юм байна.
I багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 42.61 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 62.48 хувьтай байгаа юм байна. II багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 20.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 36.73 хувь, III багцын гүйцэтгэгчээр “Жунмэй Инженеринг” групп компани ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын санхүүжилтийн өртөг 19.65 хувь байгаа бол ажлын гүйцэтгэл 34.35 хувь, IV багцын гүйцэтгэгчээр “Шанхай Констракшн” групп компани ажиллаж, барилгын ажлын санхүүжилтийн өртөг 17.48 хувь, ажлын гүйцэтгэл 29.64 хувь байгаа гэв. V багцын буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.53 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Гежөүба” групп компани ажиллаж байгаа юм байна. Тус багцын барилгын ажлын санхүүжилтийн өртөг 22.81 хувь, ажлын гүйцэтгэл 43.33 хувь байгаа аж.
Ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд салбарын сайд 14 хоног тутам газар дээр нь очиж ажиллаж байгаа гэв. Гэрээ ёсоор бол ажлын бүх гүйцэтгэл 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусах төлөвлөлттэй ч яамны зүгээс үүнийг хүлээхгүйгээр 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр замын хучилтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн, ажиллаж байгааг Л.Халтар сайд дуулгасан.
Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй нийт төслийн хэрэгжилтэд холбогдох талууд анхаарч, хамтын ажиллагаагаа нягтруулах шаардлага бий гэдгийг хэлсэн юм.
Мөн тэрбээр II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээ цуцлагдаж, дахин сонгон шалгаруулалт зарлах болсон шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Дээрх багцуудын ажлыг нэг компани авсан байсан ч анх ажлын өртөгөө маш багаар төлөвлөж оруулж ирсэн, улмаар гүйцэтгэлийн шатанд тодорхой шалтаг, шалтгаан хэлж ажил хийхгүй хугацаа удсан тул манай талаас Азийн хөгжлийн банканд хүсэлт гаргаж, гэрээ цуцлах асуудлыг хөндсөн гэв. Ийнхүү эл үйл явц дөрвөн сар хэртэй үргэлжилсний эцэст дараагийн сонгон шалгаруулалтаа зарлах боломжтой болсон гэлээ.
Г.Дамдинням гишүүн замын гүйцэтгэлийн ажлын сонгон шалгаруулалтын талаар баримт, шүүмжлэл хэлж, үүнээс учрах хохирлыг хэн хариуцах талаар болон гурван жил үргэлжилж буй энэ бүтээн байгуулалтын ажлын явцын талаар лавлав.
Нийт ажил 40 орчим хувийн хоцрогдолтой байгаа талаарх мэдээллийг тэрбээр дурдаад III багцын ажлын саатлын талаар тодруулахад бороо орсон гэх шалтгаан хэлдэг болохыг дурдаж, тодруулга авсан. Ажил гүйцэтгэх компаниудыг Азийн хөгжлийн банкны дүрэм, журмын дагуу явагддаг бөгөөд энэ дагуу салбарын яаманд Үнэлгээний хороо байгуулагдан, ажилладаг гэв.
Үүний зэрэгцээ Азийн хөгжлийн банкны зөвлөх ажилладаг байна. Үнэлгээний хороо шалгаруулалтын дүн, мэдээг Азийн хөгжлийн банк руу илгээж, тэндээс хянаж, хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулдаг гэлээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”- ийн багийг яам зохион байгуулаагүй улмаас төслийн ажил, санхүүжилт гацаад байгаа гэдгийг Х.Булгантуяа гишүүн хэлээд, энэ талаар Л.Халтар сайдаас тодруулга хийлээ.
Тус төслийн 24 сая ам.долларын санхүүжилт батлагдсан байгаа бөгөөд 11.7 сая ам.долларын урьдчилгааг гүйцэтгэгчдэд олгосон бол 7.9 ам.долларын санхүүжилтийг олгоод байгаа, үлдсэн 4.5 сая ам.долларын санхүүжилт гацаад байгааг ажлын хэсгээс мэдээлсэн. Нийт төслийн бодит гүйцэтгэл 41.31 хувьтай байгаа юм байна.
Гурван жил үргэлжилж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц нь төрийн ажлын хангалтгүй төлөвлөлт, гүйцэтгэлийн тод жишээ болж, үүнээс нь үүдэн иргэд, аж ахуйн нэгж, бизнесүүд шууд болон шууд бусаар асар их хохирч байгааг О.Цогтгэрэл гишүүн хэлж, энэ талаарх тооцоо, судалгаа бий эсэхийг асууж, үүний хариуцлагыг хэн хүлээх талаар тодруулсан юм.
Олон улсын чанартай энэхүү сонгон шалгаруулалтад дотоодын компаниуд оролцоход шалгуурыг хангадаггүй учраас гадны компаниуд түлхүү оролцдог, шалгарсан гадны компаниуд зарим төрлийн асуудал үүсгэдэг гэх тайлбарыг салбарын сайд хэллээ. Гадны компанийн ажилтнууд цар тахлын улмаас ирж чадаагүй гэх шалтгааныг мөн хэлж байв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Х.Болорчулуун, С.Чинзориг, Б.Энх-Амгалан нарын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж байсан юм.
Төгсгөлд нь Дархан-Улаанбаатар хоорондын авто замын асуудлаар мэдээлэл сонсох тухай асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням үг хэллээ. Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмэх хоёр эгнээ авто замын ажлыг эрчимжүүлж, цар тахлын нөлөөг тооцсон төлөвлөлт гаргах шаардлагатай байгааг тэрбээр салбарын яамны хамт олонд санууллаа.
Мөн тэрбээр уг ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эл саналыг хүлээн авч, дээрх авто замын бүтээн байгуулалтын асуудлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулан, тэр хүрээндээ тодорхой асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.