Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ–ын сайд Н.Уртнасан танилцууллаа.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт таван удаа цөлжилтийн үнэлгээг хийжээ. 2020 оны буюу тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим га талбай цөлжилтөд нэн хүчтэй буюу хүчтэй гэсэн ангилалд өртсөн.
“1998 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог БОАЖ–ын сайдын тушаалаар байгуулж байсан боловч 2015 онд тус хороог татан буулгаж, үндсэн чиг үүргийг нь БОАЖЯ–нд харьяалуулахаар шийдвэрлэсэн. Цаашид бид уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн нөлөөллийг багасгах, хөрс хамгаалахад чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай учраас тус үндэсний хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад энэхүү үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл дээр тус хороо ажиллах бөгөөд цаашид улиралд нэг удаа хуралдаж, улсын хэмжээнд анхаарал татаад байгаа цөлжилтийг бууруулах, хөрсний бохирдлыг арилгах чиглэлээр хийж буй бүх ажлын уялдаа холбоог сайжруулах, салбар дундын зохицуулалтад анхаарч ажиллана” гэлээ.
Мөн БОАЖЯ уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг баримтлахгүй хэмээн мэдэгдлээ.
Одоо улсын хэмжээнд байгаа 9,2 сая суулгац байгааг ашиглах бөгөөд цаашид суулгацын нөөцийг 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай тул мод үржүүлгийн газруудыг дэмжиж төслийн зээл олгох, хууль эрх зүйн орчныг сайжруулж, тодорхой хэмжээний урамшуулал бий болгох асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Н.Уртнасан сайд танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд хоёр дэд даргаар нь БОАЖ–ын сайд, тус яамны Тамгын газрын дарга ажиллах юм байна.