Засгийн газрын өнөөдрийн хуралдаар их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг баталжээ. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлнө гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй.
Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм. Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай.
Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно. Багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл бий болно.
Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргасан гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.