УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын УИХ-д өргөн барьсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нийгмийн анхаарлын төвд байгаа.
Хууль санаачлагчдын хоёр нь (П.Анужин, Д.Өнөрболор) энэ хуулиас татгалзаж, өөрсдийнх нь гарын үсгийг ашигласан, хуулийн хулгай хийсэн хэмээн Х.Ганхуяг гишүүнийг буруутгаж байгаа бол Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хуулийн төслөө хамгаалан зүтгүүлэхээр шийдсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Гэвч тэдгээр гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Иргэн Ч.Эрдэнэбат гэдэг хүн энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд хандан энэ хуулийг санаачилсан дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьжээ.
Цэц иргэний мэдээллийг хүлээн авч, Цэцийн гишүүнд хуваарилах бөгөөд гишүүнд хуваарилснаас хойш ажлын 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гарга ёстой. Одоогоор иргэн Ч.Эрдэнэбатын гаргасан мэдээлэлд маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гаргаагүй байгаа аж.