Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварт цар тахалтай холбогдуулан “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг өчигдөр (2021.10.19) анх удаа зохион байгууллаа.
Тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцож “Эмчилгээний чанар нь эмчийн эмнэлзүйн ур чадвараас, эмнэлзүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулсан юм.
Тухайлбал эмнэлзүйд суурилсан судалгаа, лабораторийн судалгаа, дархлаажуулалтын судалгаа, эмийн ханган нийлүүлэлт, эрэлт судалгаа, үндсэн болон хэлэлцүүлэгт илтгэл, ханын илтгэл зэрэг нийт 31 илтгэлээр оролцсон байна.
Анхдугаар бага хурлаар дамжуулан коронавируст “Ковид-19” халдварт өвчний эмчилгээний арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, улаан бүсэд ажиллаж буй эмч нар харилцан туршлага солилцох нөхцлийг бүрдүүлэх нь ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих нэг арга хэрэгсэл болж байгаа төдийгүй уралдаан, өрсөлдөөн бус эмчийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэхийг дэмжсэн эмчилгээний арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, дархлаажуулалт болон өвөрмөц эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрэхээр зорьж буй юм.
Энэ ч утгаараа эмч нар “Ковид-19” халдварын үеийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хүнд болон нэн хүнд өвчтөнд үзүүлж буй эмнэлзүйн тусламж, халдварын дараах хүндрэл, гэрийн эмчилгээний хяналтын үр дүн, халдвар илрүүлэх шинжилгээнд ашиглагдаж буй оношлуур, түргэвчилсэн тестийн үр дүнг харьцуулсан судалгаа, цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчлөлийн судалгаа, дархлаажуулалтын үр дүн, эрүүл мэнд ба сэтгэлзүйн дархлааны талаарх бодит нөхцөл байдлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаа дэлгэсэн.
Түүнчлэн халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал, иргэдийн хандлага, өвчний урьдчилан сэргийлэлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тархвар зүйн байдал, сэргээн засах эмчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээ оношилгоонд түлхүү анхаарч, харилцан туршлага солилцсон чухал арга хэмжээ боллоо.
“Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, орлогч дарга Ж.Отгонболд нар удирдан явуулсан бөгөөд НЭМГ-ын нийт албан хаагчид, харъяа 29 эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон УНТЭ, УХТЭ, СЭМҮТ, ЭХЭМҮТ, АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, “Эм холбоо” ТББ-ын төлөөлөл оролцлоо.