УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Төв талбайд Засгийн газрыг огцрохыг шаардан суулт хийж байгаа билээ. Өнөөдөр иргэн О.Отгонтөгс УИХ–ын гишүүн асан С.Жавхланг Сангийн сайд Б.Жавхлангаас “Хамаг монгол” тоглолт хийх зорилготой дөрвөн тэрбум төгрөг нэхэж, суулт хийж байна хэмээн мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Монгол Улс даяар би тайлан тоглолт хиймээр байна. Надад дөрвөн тэрбум төгрөг өг гэж шантаажилсан байна. Үүнийг төрийн албаны хүн бүхэн ярьж байна. С.Жавхлан засаг огцруулах акц хийнэ гэж сүрдүүлээд мөнгө нэхээд явж байдаг.
Гэтэл үүнийг нь мэдэхгүй залуучууд тэнд нь очоод хохирч, лоббиных нь золиос болж байна. Та нар худлаа гэвэл Сангийн сайд Б.Жавхлангаас асуугаад үз. Хэрвээ би худлаа хэлж, хүн гүтгэсэн бол хариуцлагаа хүлээнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье хэмээсэн юм.
Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мөн Зариг сайтад мэдээлэл өгчээ.
Б.Жавхлан: Би тийм мэдээ сошиал дээр гарсан гэдгийг сая харлаа. С.Жавхлан гавьяаттай бид танилын хувиар уулзаж байсан. Ер нь бол коронавирусийн цар тахлын үед урлаг, аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орж байгаа. Бид энэ хүрээнд уулзалт хийхээр болсон. Энэ уулзалтын үеэр С.Жавхлан өөрийн төсөл хөтөлбөрийг танилцуулсан. Улс орон даяар тоглолт хийн, дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Үүнд Засгийн газраас хамтарч ажиллах боломж байна уу зэрэг яриа болсон.
Мэдээж төсөв, санхүүгийн хувьд боломжгүй шүү дээ. Төсвөөс ийм урлаг, уран сайхны асуудлыг санхүүжүлэх хууль эрх зүйн боломж байхгүй шүү дээ. Үүнд бухимдсан тал бий. Мөн жагсаал, цуглаан зохион байгуулах тухайгаа ч хэлж байсан гэж мэдэгдсэн юм.
Харин суулт хийж буй МУГЖ, дуучин С.Жавхлан мөнгө нэхсэн гэдэг асуултад шууд хариулсангүй: Аргаа барахаар аавынхаа толгойг маажина, үхэхээ дөхөхөөр үхэр буугаа тавина” гэж үүнийг хэлдэг юм. Сангийн сайдыг гараад ир, нүүр нүүрээ хараад ярья гээд очоод хэлчих. Одооноос гоё үйл явдал болж байна. Би 4-5 хоног гарч ирэхийг нь хүлээгээд энд суугаа. Тойроод ярьж байхаар уулзаад, нүүр нүүрээ хараад ярьсан дээр шүү дээ. Би Сангийн сайдтай уулзсан нь үнэн. Гэхдээ ямар асуудлаар уулзсан бэ гэдгийг нүүр нүүрээ харж байгаад ярьмаар байна гэсэн хариултыг өгөөд байна.