Өчигдөр шөнө (2021.10.18) АТГ-ын мөрдөгчид Эрдэнэс Монгол компанийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийг 48 цагийн хугацаатай Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатууллаа.
Д.Хаянхярвааг баривчлах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас өгчээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хаянхярваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Хуулийн байгууллагуудад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн шинж чанартай гомдол ирсэн.
Тиймээс 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан гэсэн мэдээллийг Прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтан NEWS сайтад өгчээ.