Нийслэлийн хэмжээнд КОВИД-19 цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдэгдлээ.
Аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар коронавирусын халдвар авсан 6727 хүн эмнэлэгт, 27.107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж, хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан ч гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагджээ.
Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин тарьсан. Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь нь хамрагдаад байна” гэжээ.
Түүнчлэн КОВИД-19 цар тахлаар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр гэхэд 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй аж. Мөн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж буй юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс