Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт “Оюутолгой”-н яриа хэлэлцээний талаар УИХ-д хаалттай мэдээлэл өгөх юм байна.
2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглаж Рио Тинто* Туркойз Хилл Ресурс компаниудаас албан бичиг ирүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Оюу толгой төслийг тойрсон шинэ асуудал үүссэн гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар мэдэгдэж байсан юм.
Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурссез компанийн захирал Стийв Тибоу нараас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн албан захидалд доорх асуудлууд багтжээ
Монгол Улсын Засгийн газарт цаашид улам их амжилт хүсэхийн ялдамд Оюутолгой төслийг урагшлуулж улмаар Монгол Улсыг амжилттай хөгжүүлэх явцад тулхтай хувь нэмэр оруулахад чиглэсэн саналыг хүргүүлж байна. Оюутолгой төсөл нь өнгөрсөн 10 жилийн хугацаад техникийн олон сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн. Өдгөө бүтээн байгуулалтынхаа дараагийн шатыг дуусгах түүнчлэн уг төслийн төлөвлөгдсөн үр дүнг хэрэгжүүлэхэд тун дөхөж буй нь олон улсын зах зээлд Монгол зэсийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа цаг үетэй таарч байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөгөөт хугацааны өөрчлөлттэй холбогдож сүүлийн үед бидний харилцаанд учирсан хүндрэл бэрхшээлийг бид бүхэн ойлгож байна.
Энэхүү төсөлд тулгарсан техникийн олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бүх нөөц боломжоо дайчилж, шийдвэр гаргахдаа бүх түншлэгч талын эрх ашгийг хангах талаар эрмэлзэн ажиллаж ирсэн боловч сэтгэл гонсойлгосон нөхцөл байдал үүссэнийг бид хүлээн зөвшөөрч байна.
Оюу толгойн эдийн засгийн ач холбогдол, уг төслөөс улсын төсвийн орлогод оруулдаг хувь нэмрийг харгалзан үзэж энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хүнд тусаж байгааг бид мэдэрч байна.
Энэ бүхэн бидний харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа явдалд бид хүлцэл өчиж байна.
Дээрх байдлыг залруулах замаар Оюу толгой төслийг урагшлуулахын тулд жинхэнэ түншүүдийн ёсоор зүтгэхэд бэлэн байна.
Иймээс өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлын зүгээс тавьсан зорилттой нийцэхүйц шийдэлтэй санал танд тавихыг хүссэн юм.
Нэгд, цар тахлын улмаас дэлхийн бусад улс оронтой нэгэн адил Монгол Улс хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгааг бид ойлгож байна. Эдийн засгийг сэргээх нь ирэх жилүүдийн гол зорилт байх нь дамжиггүй. Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь ийм эгзэгтэй үед Засгийн газрын төсөвт чухлаар шаардагдах орлогод сөрөг нөлөө үзүүлсэн.
Үүнтэй холбогдуулж ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын төсөвт нэмэлт орлого байдлаар оруулах саналтай байна. Энэхүү шийдэл нь Оюу толгойгоос эдүгээ төлж буй татвар, АМНАТ, бусад төлбөр, хураамж дээр нэмэгдэх орлогын эх үүсвэр бий болгох боломжтой юм.
Энэхүү нэмэлт орлого нь нийгэм, эдийн засгийн нухал төслүүдийг хэрэгжүүлж, улмаар КОВИД-19 цар тахлын нөлөөнөөс Монгол Улс ангижрах, улс орны тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болно гэж найдаж байна.
Хоёрдугаарт Засгийн газарт ирэх өгөөжийг хурдасгахын тулд Оюу толгойгоос “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д төлөх ногдол ашгийн хугацааг наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдвэрлэхэд бэлэн байна. Үүнийг шийдвэрлэх боломжтой цөөнгүй гарц байгаа хэмээн бид үзэж байгаа учраас 2020 оны “Нарийвчилсан тооцоолол”-оос үүдэлтэй “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д ногдох зардлын хэтрэлтийн нөлөөг хэсэгчлэн бууруулах зорилгын хүрээнд энэхүү асуудлыг Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтарч судалж байна. Үүнээс гадна Оюу толгой төсөл дэх “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн хувь эзэмшлийн асуудлыг үндсээр нь шинэчлэх, хэрхэн хэрэгжүүлэх талаар боловсруулсан санал бидэнд байгаа бөгөөд түүнийг хэлэлцэхэд бэлэн байна.
Эдгээр санал нь хамтдаа урагш ахиж, цаашдаа холбогдох бүх талд бодит үр өгөөжөө өгөх боломжтой харилцан итгэсэн, бат бэх харилцааг шинээр бий болгох боломжийг олгоно гэж бид чин сэтгэлээсээ найдаж байна. Таны заавар зөвлөмж, зөвшөөрлийн хүрээнд манай хэлэлцээний багууд эдгээр саналыг түргэн шуурхай, бодит ажил хэрэг болгож, төсөл дахин хойшлох, Оюу толгойн үр өгөөж алдагдахаас сэргийлэх боломжтой гэж үзэж байна.
Мөн манай санал нь талууд хүлээн зөвшөөрөхүйц үндэс суурийг бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас олон улсын арбитрын процесс, сөрөг нэхэмжлэлийг түр хойш нь тавьж, тулгарсан асуудлуудаа яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нөөц боломж бий гэж үзэж байна. Тэгээд ч яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдвэрлэх нь талуудын ашиг сонирхолд бүрэн нийцэхээс гадна бидний харилцааг шинэчлэн сайжруулах хүчин чармайлтад тус дэмтэй гэж итгэж байна.
Гүний уурхайн огтлох малтлага, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийг эхлүүлэхээс өмнө Оюу толгой төслийн хувьд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлэхэд шаардагдах техникийн болоод дэд бүтэц үндсэндээ бэлэн болсон байгаа боловч “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай доорх зарим чухал асуудал хүлээгдсээр байна.
Үүнд 2019 оны Нөөцийн тодотгол тайлан, 2020 оны шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний урт хугацааны, тогтвортой шийдлийг тохирох, гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах зорилгоор 1.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ төсвийн нэмэгдлийг батлах зэрэг асуудал орж байгаа болно.
Эдгээр асуудлууд шийдвэрлэгдсэнээр хөрөнгө оруулагчид нэн чухал бөгөөд эргэж буцах боломжгүй шийдвэр гаргах, төслийг цаашид зогсолтгүй үргэлжлүүлэх боломжтой болно. Энэхүү захидалд дурдсан саналыг улам боловсронгуй болгоход дээрх асуудлуудыг аль болох шуурхай шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах бүрэн дүүрэн эрмэлзэлтэй байна. Ингэснээр гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм.
Рио Тинто, Туркойз Хилл Ресурс, Монгол Улсын хувьд Оюу толгой маш чухал төсөл юм. Ийм далайцтай том төслүүд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг нь түгээмэл байдаг. Гэвч хамтран ажиллах шийдлээ бүтээлчээр тохирч чадвал түншлэлээ улам бэхжүүлсний үндсэн дээр бид ирээдүйд тулгарч болзошгүй саад бэрхшээлийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.
Дээрх санал нь хамтдаа урагш ахиж цаашдаа холбогдох бүх талд бодит үр өгөөжөө өгөх чадамжтай харилцан итгэсэн, бат бэх харилцааг бий болгох боломж олгоно гэдэгт бид чин сэтгэлээсээ итгэж байна.
Хүндэтгэн ёсолсон:
Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд,
Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу