НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зайсан Хилл” цогцолборт зохион байгуулагдсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан асуудалд НМХГ-аас шалгалт хийсэн. Шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, ковидын халдварын тархалт өндөр үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй ноцтой зөрчил, гэмт хэрэг гэж үзэхээр байна. Тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан “Собт трейд” компани нь хоолны шаардлагад тавигдаж буй тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Хариуцлагын гэрээгүй.
Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчил илэрч байна. Түүнчлэн хүн хоорондын зай бариагүй, байнгын их цэвэрлэгээ хийгээгүй, ариутгал огт хийлгэж байгаагүй зөрчил илэрсэн. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна. “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлсэн. Цаашдаа тухайн компанид хариуцлага тооцно. Харин тоглолт үзсэн хүмүүс яаралтай шинжилгээ өгөхийг анхааруулж байна” хэмээлээ.