УИХ-аар ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогын төслийг хэлэлцэх, олон нийтийн санал, хүсэлтийг авах, тусгах үйл явц үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас 2022 оны улсын нэгдсэн төсвийн төсөлтэй холбогдуулан эдийн засагч, судлаачдын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг цахимаар зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, СЭЗИС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны төвийн эдийн засагч Н.Энхбаяр, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хариуцсан ажилтан Ж.Должинсүрэн, Нээлттэй нийгэм форумын мэргэжилтэн Д.Оюунбадам, “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Эдийн засагч Ц.Лут-Очир нар оролцлоо.
Ирэх жилийн төсвийн төсөлд дүн шинжилгээ хийсэн СЭЗИС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан “Инфляцын өсөлт өрхийн амьжиргаанд дарамт болж эхэлсэн. Иргэдийн худалдан авах чадвар буурсан. Үүнийг төсвийн бодлогод харгалзаж үзэх ёстой. Хил гааль тойрсон асуудал, худалдааны хүндрэл бэрхшээл үргэлжилсэн хэвээр байгаа. Ийм нөхцөлд төсвийн орлогыг ихээхэн өөдрөг тооцоолсон дүр зураг харагдаж байна. 2022 оны төсвийг сайжруулах алхмыг эхлүүлсэн нь олзуурхууштай. Гэхдээ агуулгын хувьд томоохон өөрчлөлт гарсан зүйл бага байна. Төсвийн шинэчлэлийг нэг жилийн хугацаанд хийх боломжгүй. Шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг төсвөөс олж харахгүй байна. Халамжийг хумьсан гэхээс илүү хэлбэр нь өөрчлөгдсөн, зарлага хэт өссөн байна. Тусгай сангуудын үр ашгийг сайжруулах хэрэгтэй” гэв.
Монгол Улсын 2022 төсвийн төслийн талаарх илтгэлээ Ж.Дэлгэрсайхан багш хэлэлцүүлж, оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч Н.Энхбаяр “Төсөв, мөнгөний бодлого улс орны дунд болон урт хугацааны бодлогод чухал ач холбогдолтой. Зөвхөн өнөө, маргаашийн нөхцөл байдлаа бид харж болохгүй. Засгийн газрын өр төлбөр, түүний дарамт эрс нэмэгдсэн байна. Өрийг бүх түвшинд анхаарахгүй бол хүндрэх тийшээ хандсан. Өрийн эмзэг байдал улам нэмэгдсэн гэсэн үг. Үүнд Засгийн газрын гадаад болон дотоод өр орж байгаа. Анхааруулах түвшнээс аль хэдийнэ давчихсан. Төсвийн бодлого дээр алсыг харсан бодлого барихгүй бол маш их хэмжээний өр үйлдвэрлэж байна” хэмээн өөрийн байр сууриа хуваалцлаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг тооцолсон байгаатай санал нэг байгаагаа илэрхийлж, төсвийн төлөвлөлт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь хэмжих, тооцоолох шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Эдийн засагч, судлаачдын зүгээс Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сантай холих нь зөв шийдэл биш. Халамжаас хөдөлмөрт гэдэг нь лоозонгийн чанартай байгааг хэллээ. Мөн төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэг, төсөв батлах үйл явцыг эрс шинэчлэх нь зүйтэй гэсан санал гарсан юм. Төсөв нь зөвхөн тухайн жилийн биш урт болон дунд хугацааны үр дагавартай байдаг, төсвийн бодлого хөгжлийн бодлогыг салгаж хараад байгаа нь буруу. Үүнээс гадна Ирээдүйн өв сангийн менежмент нь төр өөрөө биш хөндлөгийн хувийн компани хариуцах нь илүү үр дүнтэй, хөрөнгө оруулалт нь тархсан эдийн засаг үр ашиггүй байдаг байдал хэвээр байна. Хөрөнгө оруулалтаа хөгжил рүү чиглүүлэх нь оновчтой гэсэн санал дэвшүүллээ.
2022 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр гарсан оролцогчдын саналыг нэгтгэн УИХ-д хүргүүлэх, төсвийн төсөл боловсруулах үйл явцыг иргэд, олон нийтэд нээлттэй байлгах, хөгжлийн дунд болон урт хугацааны бодлогыг тусгах, үүнтэй нийцэж байгааг судлаач, эрдэмтдийн хүрээнд хэлэлцэж байхаар тогтов.