Москва хот COVID-19-ийн вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд долоо хоног бүр байрны сугалаа явуулна гэж хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.
“Ирэх долоо хоногоос эхлэн бид вакцин хийлгэсэн бүх хүнийг 5 долоо хоногийн турш 10 байрны сугалаанд хамруулж эхэлнэ” хэмээн Собянин хэлсэн байна.
Энэ нь COVID-19-ийн вакцинжуулалтад нэмэлт түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Сүүлд нь хотын даргын албанаас 1 өрөө байр сугалаанд оролцуулна гэж сайтаараа зарлажээ. Эхний шагнал аравдугаар сарын 27-нд тодорхой болно.
Сугалаанд оролцохын тулд Москва хотын бичиг баримттай, 18-аас дээш насныхан байх ёстой бөгөөд эхний тун, эсвэл давтан тунгаа аравдугаар сарын 18-наас арваннэгдүгээр сарын 21-ний дотор хийлгэсэн байх, түүнчлэн хөтөлбөрт бүртгэлж, вакцины цэгийн тусгай кодыг авсан байх ёстой юм байна. Аравдугаар сарын эхээр Собянин урамшуулах хөтөлбөрөөр вакцинжуулалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан аж.
Өмнө нь өндөр настан иргэд вакцин хийлгэсний дараа бэлгийн багцын оронд 10 мянган рублийн хэмжээтэй мөнгөн тэтгэмж авахыг зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: INTERFAX