УИХ дахь АН-ын бүлэг дотооддоо түнжин хагарсан хэвээр байгаа юм байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хасаж, хөөсөн. Мөн МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар, бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг нарыг бүлгийн хуралд оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 30-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдан Ц.Тувааныг намаас хөөсөн гэж мэдэгдэж байсан ч Д.Ганбат энэ шийдвэрийг хоёр дахь удаагаа нийтэд зарлаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Харин Ц.Туваан үүнийг хариуг барьж “Би бол намдаа байгаа.УИХ дахь намын бүлэг бүрэлдэж ажиллаад нэг жил гаруйн хугацаа болж байна. Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан. АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны даргатайгаа би сая ярьсан, ямар ч миний асуудлыг хэлэлцээгүй гэсэн. АН-ын дарга бол О.Цогтгэрэл” хэмээн мэдэгдэж саяхан л эвссэн, нэгдсэн, ойлголцсон, ахиад цаашаа хамтран зүтгэнэ хэмээн амласан АН-хан тогоондоо багталцахгүй хэвээр байгааг нотлов.
Энэ янзаараа бол маргааш Ц.Туваан О.Цогтгэрэлтэйгээ хэлхэлдэн гарч ирээд Д.Ганбатыг АН-аас хөөлгөсөн гээд хэлж мэдэхээр, бас түүнд нь гайхах ч хэрэггүй болжээ.