Л.Энх-Амгалан: МУИС-ийн оюуны өмч болох нэрийг МҮИС-д давхардуулан олгосон албан тушаалтнуудыг буруутгаж байгаа

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчээ. Түүнийг хувийн салбарын Монголын үндэсний их сургууль нэртэй сургууль цагдаа, шүүхийн байгууллагад өгсөн нь мэдүүлэг өгөх шалтгаан болж өгсөн байна.

БШУ-ны сайд Монголын үндэсний их сургуулийг нэрээ солих ёстой хэмээн үзэж, Монгол Улсын их сургуультай олон улсад болон дотоодод ч андуурагдаж байгаа талаар мэдэгдэж байан юм.

Өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар мөрдөн байцаагчид мэдүүлэг өгснийхөө дараагаар өөрийн байр сууриа цахим орчинд дахин илэрхийлжээ.

Тэрбээр “Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны аравдугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан, МУИС-ийн өмч юм.

Би Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их сургуулийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.

Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн