Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 21-24-нд зохион байгуулагдах юм байна. Цэрэг татлага цар тахлын дэгдэлтийн үед тохиож байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Цэрэг татлагын байр Нийслэлийн есөн дүүрэгт ажиллах бөгөөд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүсэн эсэхэд хяналт тавих гэх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх аж.
Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу өмнө нь их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдыг суралцах хугацаанд нь түр чөлөөлдөг байсан бол одоо мөрдөгдөж буй Цэргийн албаны тухай хуулиар оюутныг чөлөөлөх заалт байхгүй.
Тиймээс оюутнууд цэрэг татлагын байранд очиж, эрүүл мэндийн үзлэгтээ орох ёстой. Оюутан байлаа гээд цэрэгт явахгүй гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ ар гэрийн гачигдалтай, гадаадад суралцахаар явсан, албан томилолтоор яваа болон цэрэг татлагын өдөр очих боломжгүй болсон хүмүүсийг Цэргийн штаб дээр хүлээн авч уулзаж байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдэгдэв.