Японы шинэ Ерөнхий сайд Фүмио Кишида умард хэсгийн арлуудыг Токиогийн эзэмшил хэмээн онцлон хэлснийг Кремль эрс эсэргүүцэн “Оросын газар нутаг” хэмээн мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Японы шинэ Ерөнхий сайд Фүмио Кишидагийн байр суурьтай санал нийлэхгүй байна. Тэдгээр арлууд бол Оросын өмч. Бид энэ асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд шат болгондоо Японтой холбоо тогтоон ажиллах болно” гэж ярьжээ.
Хилийн маргаантай байдаг тус арлуудыг оросууд Курилийн арлууд гэдэг бол япончууд Умард газар нутаг хэмээн нэрлэдэг. Тус арлуудыг дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ улс хурааж авсан гэдэг ч эл маргаанаас болж хоёр улс албан ёсоор энхийн гэрээнд гарын үсэг зураагүй өдий хүрсэн билээ.