Цагаанхадны боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Улаанбаатарт ирж өнөөдөр (2021.11.13) өглөө 04.00 цагт Төв талбайд шалаанз машинтай эсэргүүцлээ илэрхийллээ. Жолооч нарын зүгээс хилийн боомтууд дээр удаа дараа өрнөж буй тэгш эрхийг алдагдуулж байгаа асуудлыг холбогдох Төрийн байгууллагуудад мэдүүлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн ч хариу ирүүлээгүй тул ийн Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байна гэдгээ мэдэгдлээ.
Эсэрцүүцлээ илэрхийлсэн жолооч нарыг Цагдаагийн байгууллага тарааж, зарим тээвэрчдийг саатуулан байцаалт мэдүүлэг авч байгаа аж. Жолооч нарын төлөөлөл хэлэхдээ “Бид улс төрч нар шиг шоу хийхгүй. Өмнөд хил дээр чинь өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэн жолооч нар бослого гаргаж байна. Цагаанхад дарга нарын диваажин, жолооч нарын там болж байна.
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нууц тогтоол гаргаж, монгол жолооч нарын ажлыг булааж, Цогтцэций-Чойр чиглэлийн замыг Хятадын компанид өгөх гэж байна. Ийм асуудлыг бид эсэргүүцэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Салбарын яам болон Хятадын компанид монгол жолооч нарынхаа ажлыг булаан авч өгсөн хэрэгт нэр холбогдсон сайд Л.Халтар нар энэ асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Жолооч нарын шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн хүлээн авч, хариу өгнө хэмээн мэдэгдэв.