Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2021 оны оны 3 дугаар сард тушаал гаргаж, ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлгэх 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын гавьяат багш С.Төмөр-Очир томилогдсон байна.
Энэ ажлын хэсэг өчигдөр (2021.10.12) эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө салбарын сайддаа танилцуулжээ.
Дүгнэлт гаргахдаа сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажилласан байна.
ЕБС-ийн сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байгаа ч мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон.
Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан.Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан байгааг Ажлын хэсэг мэдээлсэн байна.
Эдгээр алдаа сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байснаас болж гарсан гэж үзсэн байна. Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог аж.
Сурах бичгийг тогтвортой хэрэглэх, Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах, Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах хэрэгтэйг мөн гаргаж иржээ.