Японы шинэ Ерөнхий сайд Фумио Кишида парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ Япон улсын бүрэн эрхт байдалд өмнөд Курилын арлууд хүртэл хамаарна. Бид нутаг дэвсгэрийн асуудлыг хойч үедээ үлдээхгүйгээр шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Засгийн газар нутаг дэвсгэрийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх замаар Оростой энхийн гэрээ байгуулахаар ярилцаж байгаа талаар хэлсэн байна. Тэрбээр “Би Япон, Оросын хооронд энх тайвны гэрээ байгуулах, түүнчлэн янз бүрийн салбар, тухайлбал соёл, эдийн засаг, улс төрийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд Японы Ерөнхий сайд найман зүйл бүхий хэлэлцээрт үндэслэн, мөн тэдгээрийг бэхжүүлэх тодорхой арга хэмжээг боловсруулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэжээ.
Япон улс Кунашир, Шикотан, Итуруп, Хабомай арлуудыг эзэмшиж буйгаа 1855 онд байгуулсан Худалдаа, хилийн тухай хоёр талын гэрээгээр нотолж байгаа аж. Дэлхийн 2 -р дайны дараа эдгээр арлууд ЗХУ -ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд ЗХУ задарсны дараа ОХУ-ын мэдэлд шилжсэн юм.
1956 онд ЗХУ, Япон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, энхийн гэрээ байгуулагдсан тохиолдолд хоёр арлыг Японд шилжүүлэх боломжийг Москва хэлэлцэхээр тохиролцсон байдаг. Гэвч дараагийн хэлэлцээрүүд ямар ч үр дүнд хүрээгүй байгаа юм.