Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2021.10.12/ мэдээлэл хийлээ.
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:
-Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа эдийн засгийн өсөлт болон олон улсын тээвэр ложистикийн хямралтай холбоотойгоор барилгын материалын хомсдол үүсч улмаар үнэ ханш нэмэгдсэнээр барилгын төсөвт өртөг өсч байна. Тухайлбал арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өсөж арматур гэхэд 81 хувь, дулаалгын бүх төрлийн материал 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувиар өссөн.
Шалтгаан дээр нь дүн шинжилгээ хийж үзэхэд нэгдүгээрт, манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементний үйлдвэр зогссоноор хомсдол үүсч, үнэ өссөн. Дараагийн шалтгаан нөхцөл бол хил хаагдсантай холбоотой. Түүнчлэн гадаад зах зээлд төмрийн үнэ өссөнөөр импортын арматурын үнэ өссөн.
Бид эхний ээлжинд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламж дээр үнийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгийг урьдчилан тооцоолсон.
2021 оны үнийн өсөлтийн индексийг статистикийн газраас 1.36 гэж гаргасан бол яамнаас 1.45 байна гэж үзсэн. Тиймээс 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн 2022,2023 онуудад урт удаан үргэлжлэх төслүүд дээр энэ индексээ бариад явна. Харин энэ жил барилгын ажил нь эхэлсэн төслүүд дээр материалын үнийн өсөлтөө тооцоолж, цаашаагаа энэ индексээр бодоод явъя гэсэн байдалтай байна.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа:
-Өнөөдөр барилгын салбарт улсын төсвөөс хэрэгжиж буй төслүүдэд материалын үнийн өөрчлөлтийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Дээр дурдсан асуудлуудаас гадна барилгын салбарын ажилчдын цалин хөлс буюу хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг гаргаж 2019 онд баталсан. Үүнийгээ 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон нь цар тахлын үетэй давхцаж мөн л барилгын төсөвт өртөг өөрчлөгдөх хүчин зүйл болчихсон. Барилгын хөгжлийн төв зураг, төсөл, магадлал хийдэг. Магадлал гэдэг нь төсвийн төсөөлөл, төлөвлөлтөнд хэрэглэдэг үйл ажиллагаа байгаа юм.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа:
-Компаниудын өгсөн шаардлагаас хэдийг нь биелүүлэх боломжтой вэ?
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:
-Бид асуудлаа Засгийн газарт ярьсан. Гол тавьж буй санал нь цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөл дээр аж ахуй нэгжүүдийн саналыг тусгах, үүнд тендерийн баталгаа болох таван хувийг арилжааны банкинд байршуулаад дараа нь гүйцэтгэлийн баталгааг тэглэе гэж байгаа. Өмнөх хуулиараа бол урьдчилгаа аваад ажлаа хийнэ гэсэн баталгаа өгдөг байсан. Харин одоо ажлаа дуусгаад санхүүжилтээ авдаг. Ингэхээр арилжааны банкин дээрх хүү тооцогддоггүй, санхүүжилт, хөрөнгийн тодорхой хувийг барилга угсралтынхаа ажилд зарцуулах боломжтой гэдэг саналыг хүргүүлсэн.
-Улсын төсвөөр баригдаж буй 400 гаруй барилга царцана гэсэн үг үү?
-Улсын төсөв батлагдаагүй байна. Засгийн газраас даваад УИХ дээр яригдаж байгаа. 2022 оны төсвийг УИХ дээр л ярьж байна.
-Урьдчилан тооцоолж болоогүй юм уу?
-Урьдчилан тооцоолсон. Долоо, найм, есдүгээр саруудад өсөлтөө тодорхойлоход сараасаа хамаараад жаахан хэлбэлзэлтэй байгаа.
-Нэн шаардлагатай ашиглалтад оруулах хичнээн барилга байгаа вэ?
–Уг нь улсын төсөл, арга хэмжээний хүрээнд мянга гаруй байгаа ч Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яамны захиалгатай 360 гаруй барилгууд л яригдаж байна. Эдгээр объект дээр 200 гаруй тэрбум төгрөгийн ачаалал төсөв дээр тусгагдана. Аль барилга байгууламжаа үргэлжлүүлэх, алийг нь зогсоох вэ гэдэг нь УИХ-ын шийдэх асуудал.
-Барилгын материалын үнэ буурах уу?
–Хэд хэдэн арга хэмжээ авч байгаагийн нэг нь ШӨХТГ дээр Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг оруулж ирж, үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдийг тогтоох ажил явж байна. Ингэснээр хуулийн дагуу тухайн аж ахуй нэгжүүдийн үнийн хөөсрөлт, хэлбэлзлийг хянах боломжтой болно. Хоёрдугаарт, яамнаас УОК, НОК-оос дэмжлэг хүсч байгаа. Хил гаалийн асуудлыг хурдан шийдсэнээр жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй борлуулагдаж буй барилгын материалын үнэ буурах боломжтой юм.
-Хуучин орон сууцны үнэ нэмэгдэж байна. Яамнаас хяналт тавих уу?
Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд:
-Үүнд хоёр хүчин зүйлийн нөлөөлж байна. Нэгт дээрх шалтгаануудаас улбаалсан барилгын материалын үнийн өсөлт.
Хоёрт нь ипотекийн санхүүжилт нэмэгдсэнээр эрэлт ихэссэн байна. Энэ оны аравдугаар сарын 8-ны байдлаар банкууд 822 тэрбум төгрөгийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их байгаа юм.
Хуучны орон сууцны хувьд иргэд хуучнаа сольж, шинэ байранд орохыг хүсдэг ч авах гэж байгаа байр нь үнэтэй учир мөн л хуучин байраа үнэтэй зарах сонирхолтой байгаа. Төр орон сууц барьдаггүй хувийн хэвшлүүд барьдаг учраас үнийн хязгаарлалт тавих боломжгүй. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтэн дээр түшиглэж, үнийг тогтворжуулах аргыг авч хэрэгжүүлнэ.