Нийт шүүгчийн анхдугаар чуулган өчигдөр /2021.10.11/ хуралдаж сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор хуульчилсан.
Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан
- Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр,
- Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясахын Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг батлав.
Нийт шүүгчийн чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь нь шүүгч бус тав, шүүгч тав, нийт 10 гишүүнтэй байна. Энэ зөвлөл бүх шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулдаг болж буй.
Мөн Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасны дагуу таван шүүгчийг сонгосон. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр
- Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах
- ЗХДЗШШ-ийн шүүгч Э.Зоригтбаатар
- Нийслэлийн ИХДЗШШ-ийн шүүгч А.Отгонцэцэг
- Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч А.Насандэлгэр
- Налайх дүүргийн ИХАШШ-ийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг сонгогджээ.