Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор заасан. Анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн бөгөөд эдгээр шүүгчид нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар танилцуулга хийж, шүүгчдийн асуултад хариуллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгов. Нийт шүүгчийн олонхийн санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталлаа.
Нийт шүүгчийн Анхдугаар чуулганы үеэр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, иргэн төвтэй, хариуцлагатай шүүхийн асуудлаар нийт шүүгчдэд хандаж, үг хэлсэн байна.