УИХ дахь Ардчилсан намын бүлэг (2021.10.11) өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Тус бүлгийн хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн, инфляцийн төвшин 8.9 хувьтай байгаа талаар мэдээллээ.
Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд дараахь асуулгыг Монгол банкны Ерөнхийлөгчид тавьжээ.
-Эдийн засгийн сэргэлт олж харахгүй байна. Инфляцид ч эргэлзэж байна. Энэ бодитой тооцоолол мөн үү. Долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа. Цаашид ам.долларын ханшийг хэд байхаар тооцож байна вэ? Манай банкуудын зээлийн хүү дэлхийн 200 гаруй улсад өндөрт ордог. Ийм өндөр хүүтэй банкууд үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүй яваад байх юм уу?
-Өнгөрсөн жил инфляцийг 6 гэж тооцож байсан ч одоо 8.9 хувьтай байна. 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ? Ирэх жилээс банкууд нээлтэй хувьцаат болно. Үүний бэлтгэл ажил хэр байна вэ?
-Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү.
-Гурван хувийн зээл цаашид хэр хугацаанд үргэлжлэх вэ. Зөв хүндээ очиж байна уу. Монголбанк зээлийн хар жагсаалтаас өршөөх цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөв, гэхдээ үүнийг дагаад хууль бус үйлдэл Монголбанкинд цэцэглэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү. Хэр үндэслэлтэй вэ.