Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий Сайд нарт шаардлага хүргүүлж буй ажээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ СОЁЛЫН ТӨВ, СПОРТ ЗААЛ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН НЭГДЛЭЭС ХУГАЦААТАЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМВОЖАВЫН ЗАНДАНШАТАР, ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮХ ГИШҮҮД БОЛОН САНГИЙН САЙД БОЛДЫН ЖАВХЛАН НАРТ ХУГАЦААТАЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын тархалт, тархалтын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, салбар бүрийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, иргэдийн амьжиргааны түвшин буурсан хүндхэн сорилттой тулгарч байгааг бид ойлгож байна.
Энэхүү нөхцөл байдал нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 8000 гаруй аж ахуйн нэгж, 150 000 гаруй барилгын салбарын ажилчдад сөргөөр нөлөөлж, цаашид бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг 9 дуүрэгт баригдаж байгаа СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ТӨВ, СПОРТ ЗААЛ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхэд дараах нөхцөл байдлаас болж цаашид ажил ургэлжлэх боломжгүй болж зогсох хүнд эрсдэл үүсээд байна.
Үүнд:
Нэгдүгээрт Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор Улс, аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог удаа дараа тогтоосноор барилга угсралтын ажил эхлэх, үргэжлүүлэх хугацаа хойшлогдсон, /84 хоног/,
Хоёругаарт Хил гааль нээгдээгүйн улмаас ачаа тээврийн үнэ өсч, бараа матөриалын хомсдол үүссэнээр барилгын гол нэртөрлийн матөриалын үнэ огцом өссөн. /2-4 дахин/,
Гуравдугаарт Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт 2019 оны 12 сарын 30-ны өдрийн БХБЯ-ны сайдын 217-р тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-ийг үндэслэн ажиллах хүчний зардал нэмэгдсэнийг нөхөж тооцоогүй /цалин 2 дахин өссөн/,
Дээр дурдсан хүчин зүйлсийн нөлөөгөөр он дамжин хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд санхүүгийн болон цаг хугацааны хүндрэлд орж барилгын ажлуудаа графикт хугацааны дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Энэхүү нөхцөл байдлыг Төр засаг дүгнэж үнийн зөрүүг 2022 оны Төсвийн тухай хуульд тооцож тусгаагдагүй байгаа нь барилга угсралтын компаниудыг шууд эдийн засгийн эрсдэлд оруулж цаашид дампуурах нөхцөл байдалд оруулж байна.
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймаг, 9 дүүргийн компаниудын нэгдлээс Улсын Их Хурал, Засгийн газраас дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:
Нэгт: Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол улсын төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
Хоёрт: 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах,
Гуравт: Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтыг 2021 оны 12-р сарын 01-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх, зохион байгуулах,
Дөрөвт: Одоо үргэлжилж байгаа гэрээт ажпуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох,
Тавт: Цар тахлын нөхцлийн үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх.
Дээрх шаардлагын хариуг 2021 оны 10 дугаар сарын 13 ны өдрийн дотор бидэнд ирүүлнэ үү, Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд бид дараагийн шатны арга хэмжээг авна гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг ойлгон, энэхүү шаардлагыг хүлээн авч дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.