Замын үүд сумын иргэд суурьшлын бүс нутгаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.
Дорноговь аймгийн Замын үүд сумын 5 дугаар багийн иргэн н.Эрдэнэбилэг хэлэхдээ “Замын үүд бол Монгол Улсын хилийн томоохон боомт юм. Гэтэл энэ боомтоор дамжуулан нүүрс тээврийн машинуудыг нэвтрүүлж байгаа нь тус сумын иргэдийн эрүүл мэнд болон дэд бүтцэд ноцтой хохирол учруулж байгаа тул сумын оршин суугчид эсэргүүцэж байна. Замын үүд боомт нь анхнаасаа нүүрс тээвэрлэхэд зориулаагүй учраас зориулалтын Цагаан хадны боомтоор гаргах нь зүйтэй юм” гэлээ.
Мөн Замын үүдийн тээвэрчдийн холбооноос мэдээлэл өглөө.
Засгийн газраас арга хэмжээ авснаар тус боомтоор дамжих ачаа тээврийн асуудлыг шийдэж байна гэж байгаа боловч бодит байдал дээр асуудал хэвээрээ л байна. Үүний буруутан нь тээврийн жолооч нар хэмээн мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ оновчтой зохион байгуулалт дутагдаж байна. Өмнө нь өдөрт 100 машин тээвэрлэлт хийдэг байсан гэтэл одоо 25 машин тээвэрлэлт хийж байхад нүүрс тээврийн 40-50 машин өдөрт гарч байна. Нэг машин улиралд ганцхан удаа гарч байхад ачаа тээврийн эргэлт хурдан байх боломжгүй юм.
Гэхдээ энэ байдлыг зохицуулах боломж байна. Корона вирусын халдвараас шалтгаалан БНХАУ-ын талаас машин олноор нь нэвтрүүлэх боломжгүй гэж байгаа бол өвөр монгол жолооч ачааг боомт хүртэл хүргэж бид эндээсээ хот руу тээвэрлэлт хийж болно. Иймэрхүү байдлаар асуудлыг шийдэх гарц байгаа ч шийдвэр гаргагчид нүүрсний машины тээвэрлэлтэд илүү санаа тавьж бусад асуудлыг хаясан нь ачаа тээвэр хэвийн байдалд орохгүй байгаагийн шалтгаан болж байна.
Тиймээс Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд бодит байдалд нийцсэн арга хэмжээг яаралтай авч өгөх, тээвэрлэгчид биднийг тээврийн зардал өсгөж байна гэх ташаа мэдээллийг өгөхгүй байхыг хүсэж энэхүү мэдээллийг хүргэж байна гэсэн юм.