Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Лхүндэвийн Атарцэцэгийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа.
Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Чагдаагийн Хосбаярыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Мишигийн Батсуурийг “Алтан гадас” одонгоор тус тус шагнав. Төрийн дээд шагналаар шагнагдсан шүүгч нартаа баяр хүргэх ёслолын ажиллагаа 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улсын Дээд шүүхэд боллоо.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг баяр хүргэж хэлсэн үгэндээ “Л.Атарцэцэг шүүгч хэсгийн ардын шүүхийн шүүгчээс эхлээд Улсын Дээд шүүхийн шүүгч хүртэл шүүхийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан. Ч.Хосбаяр, М.Батсуурь нарын хувьд ч өөр өөрсдийн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа байдлыг харгалзан үзэж төрийн дээд одонгоор шагнасан байна.” хэмээн онцлоод төрийн өндөр дээд шагнал хүртсэн шүүгч нартаа аз жаргал, эрүүл энх, ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Шинэхэн Гавъяат хуульч Л.Атарцэцэг баярыг нь хуваалцаж буй хамт олондоо талархсанаа илэрхийлээд “Өнөөдөр би туйлын их аз жаргалтай, баяртай байна. Миний бие 1985 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш бүх шатны шүүхэд шүүгчээр 32 жилажиллаж байна. Энэ хугацааны хөдөлмөр, зүтгэл, шүүгчийн өргөсөн тангарагтаа үнэнч байх зорилгодоо хүрэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэлийг минь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, “Монгол Улсын Гавъяат хуульч” хэмээх өндөр шагналаар шагнасанд маш их баяртай байна. Энэ бол ганцхан миний зүтгэл, ганц миний шагнал биш, та бүхний шагнал, та бүхнээс надад үзүүлсэн чин сэтгэлийн итгэл гэж үзэж талархаж байна” гээд хамт олондоо сайн сайхныг хүслээ.
“Алтан гадас” одонгоор шагнагдсан М.Батсуурь “Төрийн их баяр наадмын өмнө төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсандаа маш их сэтгэл хангалуун байна. Энэ бол хамт олон та бүхний минь бидэндхүлээлгэж байгаа сайхан итгэл гэж бодож байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээх болно” гэв. Мөн М.Батсуурь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Гавъяат хуульчаа өлгийдөн авсан сайхан өдөр тохиож буйг онцлоод “Хуульч хүний хувьд хамгийн дээд цол болох “Монгол Улсын Гавъяат хуульч” цолоор шагнагдсан Л.Атарцэцэг шүүгчдээ баяр хүргэе. Төрд ажиллаж байгаа хүнд төрөөр ажил хөдөлмөрөө үнэлүүлэх шиг сайхан юм байхгүй гэж боддог. Атарцэцэг шүүгч бол Захиргааны хэргийн танхимд олон жил ажилласан, туршлагатай, үргэлж бидэнд зааж зөвлөдөг, “нэвтэрхий толь” шиг шүүгч. Ийм туршлагатай, мэдлэгтэй шүүгчтэй хамт ажиллаж байгаадаа бид үргэлж баяртай байдаг, бас байнга суралцдаг. Төрийн сүлд таныг үүрд ивээх болтугай” гээд аз жаргалын дээдийг ерөөлөө.
Энэ үеэр Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны тэргүүн, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нар мөн төрийн дээд шагналаар шагнагдсан шүүгчдэдээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэв. “Монгол Улсын Гавъяат хуульч” цолоор шагнагдсан Лхүндэвийн Атарцэцэг нь ажлын гараагаа 1985 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн даргаас эхэлснээс хойш бүх шатны шүүхэд тасралтгүй шүүгчээр 32 жил ажиллаж байгаа, манай туршлагатай, мэдлэгтэй, шилдэг шүүгч нарын нэг юм.
Мөн Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Дамдинсүрэнгийн Гансүхийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагнасан байна. Ийнхүү наадмын өмнө шүүхээс төрсөн “Монгол Улсын Гавъяат хуульч” цолтон хоёроор нэмэгдсэнээр нийт 29 гавъяат цолтонтой боллоо.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх