Австрийн прокурорын газар канцлер Себастьян Курцыг шалгаж эхэлжээ. Түүнийг өөр есөн хүний хамт авлигын схем зохион байгуулсан хэрэгт сэжиглэсэн юм. Тэднийг 2016-2018 онд Сангийн яамны төсвийн хөрөнгийг улс төрийн зорилгоор намдаа ашигласан гэж үзсэн аж.
Өчигдөр Холбооны канцлерын хэлтэс, Австрийн Ардын намын төв байр, Сангийн яаманд нэгжлэг хийжээ.
2019 оны тавдугаар сард дэд канцлер Хайнц Кристиан Штрах ирэх сонгуульд дэмжлэг амласан орос эмэгтэйтэй хамтран ажилласан гэх дуулианы улмаас Себастьян Курцын толгойлсон засгийн газарт Австрийн парламент итгэл үзүүлээгүй. Гэсэн ч 2020 оны эхээр Курц дахин канцлер болж чадсан юм.