УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан дээр хөндөгдсөн асуудлын нэг нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн байхад манайхан нүүрсээ экспортлож чадахгүй цаг алдаж байгаа тухай сэдэв байв. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт тавьж Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтараас хариулт авлаа:
С.ЧИНЗОРИГ: Нүүрс тээвэрлэлт хугацаа алдагдаж, төлөвлөгөө тасалдалтай явна. Сүүлийн гурван сард 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу? Ямар арга хэмжээ авч байна вэ? Жолооч нарын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудал хэл ам татлаад байна.
Хоёрдугаарт, жолооч нарын шинжилгээний асуудал үүсч байна. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Баахан мухар төмөр замтай боллоо. Баригдаж байгаа төмөр замууд хэзээ ашиглалтад орох вэ? ЭМЯ, УОК, Хятадын талтай яриад асуудлыг шийдэх боломж байгаа юу?
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Гашуунсухайт, Цагаан хадан дээр халдвар хамгаалал нэлээн алдагдсан. Хятадын тал жолооч нарын шинжилгээн дээр нэлээн анхаарал хандуулж байна. Хилийн зурвас дээр контейнер байгуулсан, туршилт амжилттай болсон.
Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна.
Гашуунсухайт, Цагаан хаданд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдварын тархалт идэвжсэн учраас шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Гол нь шинжилгээний арга, тоног төхөөрөмж адил атлаа манай талд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан атлаа хятадын талд өгөхөд эерэг гардаг. Ийм асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудал тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан.
Энэ чиглэлээр хоёр гол арга хэмжээ авч байгаа. Нэгд, хятадын талаас тавьсан саналын дагуу битүүмжилсэн баг буюу бөмбөлгийн системийг хэрэгжүүлж байна. Жолооч нарыг бөөнд нь байлгах их эрсдэлтэй. Тиймээс төвлөрлийг сааруулах ийм арга хэмжээ авсан. Одоогоор мэргэжлийн хяналтаас тавьсан шаардлагыг хангасан 26 бөмбөлөг үүссэн байгаа. Цагаан хаданд гаднаас оруулах, дотроос гарахаа ч цэгцлэх шаардлагын үүднээс эмнэлгийн байр түрээслээд, вирусийн шинжилгээний лабаоратори ажиллуулж эхлээд байна. Цаашдаа цагаан хадын боомтыг чанд харуул хамгаалалттай болгож, хөдөлгөөн, дэг журмыг цэгцлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Боомтыг нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргааг шинээр байгуулсан. Цар тахлын эсрэг хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болох учраас боомтын захиргааны асуудлыг эргэж харах шаардлага үүсэх байх. Тиймээс цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр шийдлээ гаргахаар ярилцаж байна. Чингэлэг тээврийн терминал байгуулсан нь үр дүнтэй чухал арга хэмжээ болсон. Яриа хэлэлцээ явагдаад, ойрын үед эерэг үр дүн гарах байх гэж найдаж байна хэмээн хариулав.