“Оюу толгой”-н гүний уурхайн төслийн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон талаар “Оюу толгой”-н ТУЗ-оос томилсон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд Рио Тинто компаниас хариу тайлбар хүргүүлсэн. Хариу тайлбарт хөрсний чулуулгийн нөхцөл болон монгол ажилчдад зарцуулсан санхүүжилт гүний уурхайн нийт зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрч, хугацаа хойшилсон гэсэн юм. Харин тус уурхайн монгол ажилчид хариу тайлбарыг эсэргүүцэн, мэдэгдэл гаргасан юм.
Энэхүү асуудлаар Рио Тинтогийн Зэсийн группийн удирдлагаас Оюу толгойн ажиллагсдад дараах мэдээллийг өгчээ.
Гүний уурхайн төслийн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон талаар “Оюу толгой”-н ТУЗ-оос томилсон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд Рио Тинто компаниас өгсөн хариу тайлбар зарим хэвлэлээр гарч буйг та бүхэн харсан байх. Зарим хэвлэлд гарч буй шиг хамт олноо зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон асуудалд буруутгасан зүйл байхгүй бөгөөд эдгээр мэдээлэл ташаа байгааг үүгээр залруулж байна.
Өнөөдөр би та бүхэнтэй захидалд чухам ямар агуулгатай байсныг хуваалцахаар шийдлээ. Учир нь бидний албан харилцаа гэж бодож итгэж илгээсэн хариу тайлбарыг гуравдагч этгээдүүдэд санаатай хуваалцсанд бид сэтгэл дундуур байна. Мөн хамт олны дунд буруу ойлголт төрүүлэх мэдээлэл тарааж буйг залруулж, үнэн бодит мэдээллээр хангах нь бидний үүрэг ба хариуцлага билээ.
Өнөөдөр би та бүхэнтэй захидалд чухам ямар агуулгатай байсныг хуваалцахаар шийдлээ.
Бидний 2021 оны 9-р сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдад илгээсэн хариу тайлбарт
“Төслийг хэрэгжүүлэх хугацаанд Оюу толгойн ажиллах хүч хэрхэн хөгжиж, өсөн дэвжиж ирсэнд бид үнэхээр бахархдаг. Төслийн нийт ажиллах хүчний 40 хувийг гадаад ажилчид дээр тулгуурлах хэрэгтэй гэж анхлан тооцоолж байсан бол өнөөдөр Оюу толгойн нийт ажиллах хүчний 96 хувийг монголчууд бүрдүүлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж чадсан. Ийнхүү дотоодын ажилчдад суурилсан ажиллах хүчнийг бүрдүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь төслийн зардал болон хуваарьт нөлөө үзүүлсэн бөгөөд хөндлөнгийн шинжээчдийн багийн олж харснаас илүү их байсан юм. Үндэсний боловсон хүчний нөөцтэй байх олон сайн талын нэг нь Ковид-19 цар тахлын нөлөөг уурхайн үйл ажиллагаанд, төслийн явцад бууруулж чадсан ач холбогдолтой юм.”
Бид хүн бүрийн байгууллагадаа оруулж буй хувь нэмрээр бахархдаг бөгөөд талархдаг гэдгийг дахин хэлмээр байна. Оюу толгойчууд ажлын үзүүлэлтээрээ, тэр тусмаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ группийн бусад уурхайдаа манлайлдаг.
Оюу толгойн үйлдвэрчний эвлэлээс бидэнд энэ асуудлаар хандсаныг бид ойлгож хүлээж авч байгаа бөгөөд энэ асуудлаар илүү ойлголцолд хүртлээ хамтран ажиллах болно.
Та бүхэн энэ асуудлаар сэтгэл, санаагаа чилээхгүй ажилдаа анхаараарай. Энэ хүнд цаг үед байгууллагадаа итгэл алдрахгүй, өөрийнхөө хийж буй бүхнээр бахархаарай. Хийж буй ажилдаа эзэн болж буй та бүхэнд дахин талархаад асууж тодруулах зүйлс байвал шууд холбоо барихыг хүсье.
Хүндэтгэсэн Болд, Марк