Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр /2021.10.08/ тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашуудыг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Газар чөлөөлөлж буй хэсгийн авто зам нарийхны сацуу явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ.
Харин тус хорооны иргэд “Эдгээр гараашуудыг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүс тул энэ хэсэгт осол, аваар их гардаг. Өнөөдөр энд эргүүл хийгээд зогсож байхад хажуугаар өнгөрөх хүмүүс гараашуудыг буулгаж байгаад баярлан, зөв ажил хийж байгаа талаар яриад л зөрж байна лээ. Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд баярлаж байгаагаа энэ хавийн оршин суугчдын өмнөөс хэлмээр байна. Уг байршилд жолооч нарын үзэгдэх орчинд саад учруулахааргүй ногоон байгууламж хийгээсэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Уг захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хашаа хайс, тоосгон гараашуудыг буулган тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс