Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр “Баянзам тээвэрчдийн холбоо” мэдээлэл өглөө. Коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаагаас болж олон жолооч, компаниуд ихээхэн алдагдал хүлээж байна гэж тус холбооныхон мэдээлж байна.
“Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: Гашуунсухайт нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Цагаан хад боомтын гаалийн хяналтын бүс. Сүүлд авсан мэдээллээр есөн сая тонн нүүрс хилээр гарч чадаагүй, овоолгоотой байна. Үүнийг Хятадын талд 25 километр замд тээвэрлэн гаргах үүрэг нь Гашуунсухайт боомтын үндсэн ажил. Өдөрт 1,000 тээврийн хэрэгсэл хилээр гарахад экспорт хэвийн үргэлжилж байна гэж үздэг бол одоо 150 машин гарч байна.
Экспортыг явуулахын тулд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч байгааг тайлбарлая. Эхлээд тээвэрчдийг нэг газарт дараа нь Өмнөговь аймагт мөн тусгаарлан шинжилгээ өгүүлж, Цагаан хаданд бөмбөлөг буюу битүүмжилсэн орчинд оруулдаг. Тэндээсээ гарахгүй бөгөөд Монгол, Хятадын талд шинжилгээ өгч сөрөг гарснаар нүүрсээ тээвэрлэдэг.
Нэг бөмбөлөгт дунджаар 35 жолооч бий. Бөмбөлөгт ороод Монголдоо шинжилгээ сөрөг гарсан ч Хятадын талд эерэг гарвал бөмбөлөгт байсан бусад жолооч хамт буцдаг. Өөрөөр хэлбэл нэг жолооч эерэг гарахад бөмбөлөг байсан бусад 30 гаруй жолооч буцна. Мөн хотод ирээд 28 хоног тусгаарлагддаг” гэлээ.
Тээврийн компаниуд жолоочоо бөмбөлөгт байрлуулахад сард дунджаар 1.8 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Гэвч бөмбөлөгт буй хэн нэгний хариу эерэг гарвал энэ мөнгө үр ашиггүй зарцуулагдана. Түүнчлэн тусгаарлах байранд 28 хоног байхад өдрийн төлбөр нь 120-130 мянга болж байгаа талаар “Баянзам тээвэрчдийн холбоо”-ноос мэдэгдэв.
Тус холбооноос тээврийн жолооч нараас ирүүлж буй гомдол саналын дийлэнх нь шинжилгээний хариу зөрүүтэй байгааг онцлоод “Эерэг, сул эерэг гэж дүгнэлт гаргадаг болсон. Сул эерэг гарсан тул өнөөдрийн дотор бүгд гар гэдэг. Тэд Улаанбаатарт ирээд өгөхөд сөрөг гарч байгаа. Шинжилгээний хариу ийнхүү зөрүүтэй гарч байгаа нь булхай луйвар гэж үзэж байна. Дараагийн бөмбөлгийг оруулахын тулд хүссэн бөмбөлгөө буцааж байна. ХӨСҮТ-ийн дүгнэлт байхгүйгээс шинжилгээг дураараа өөрчлөөд байгаа” хэмээлээ.
“Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Бөмбөлөг бол мөнгө гэж ойлгох ёстой. Нэг тонн нүүрсийг 2000 юаниар гаргаж байна гэж бодоход 100 тоннын машинаар 200,000 юань олно. Жолоочийн цалин 30-40 мянган юань буюу есөн сая төгрөг. Компани гаргасан зардлаа хасаад тодорхой хэмжээний ашиг, жолоочийн цэвэр цалин есөн сая төгрөг гэж үзэхэд энэ их мөнгөний төлөө авлига гаарч байгаа юм.
Хилийн боомтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг солих хэрэгтэй гэж үзэж байна. Оронд нь тээврийн менежмент, халдвар хамгааллын зохион байгуулалтыг сайн хийдэг мэргэжлийн баг ажиллуулах хэрэгтэй” гэсэн юм.