НОК-оос коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар мэдээлж байна:
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж: Нийслэлийн 6400 иргэн ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 4, 6, 9-р саруудад халдварын давлагаа явсан. Гэвч өнгөрсөн сард эхэлсэн давлагааны улмаас халдвар авсан иргэдийн тоо өмнөх давлагаанаас илүү олон байна.
Өнгөрсөн сард 5900 ор байсан байсан бол одоо 6001 орыг нийслэлд нээсэн. “Нандин ухаан” болон Налайх дүүргийн эмнэлэгт ор нэмсэн. Тандалтын баг дүүрэг бүрд ажиллаж байна. Нэн хүнд хүмүүс ор хүлээн цаг алдах тохиолдол байв. Иймд ковидын улмаас хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээн авах баг ажиллуулан, тэдний илгээсэн өвчтөнүүдийн тоо огцом өслөө.
Хүнд хүмүүс ирэхээр эмнэлгийн ор хоногийн хугацаа сунаж байна. Яармагийн эмнэлгийн зарим орыг хүнд хүмүүс яаралтай дуудлагаар ирнэ хэмээн хоосон байлгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 31 мянган хүн гэртээ эмчлүүлж байв. Одоо энэ тоо 29 мянга болсон. Хүүхэд үү том хүү гэдгээс хамаарч өөр өөр эмийн багц олгож байна. Мөн тухайн өрхийн эмнэлгийн эмчээс хамаарч эм өөрчлөгдөж болно.
Гурав дахь хамрагдалт тун ханалтгүй байна. Нийслэлийн нийт иргэдийн ердөө 16 хувь нь гурав дахь тунгаа тариулсан. Нэмэлт тун тариулснаар халдвар авах юм байна гэдэг нь үндэслэлгүй. Гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь л халдвар авсан. Халдварын тархалт өндөр хэвээр байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай. Өөрт хамгийн ойр цэгтээ хандаж болно. Дархлаажуулах цэгүүд ням гарагаас бусад өдрүүдэд ажиллаж байна. Цэгүүдийн ачаалал бага байна.
Тавдугаар сард хамгийн олон буюу 2300 хүн дархлаажуулалтад ажилласан. Одоо энэ тоо буурсан. Нийслэлийн нийт хүн амын 70 хувь нь бүрэн тунгаа авсан. Олон хүнтэй албан газруудад явуулын баг очиж үйлчилж байна. Вирусын эсрэг эмийг нийслэлд 500 орчим эмийн сангаар худалдаж байна.
Уг нь аравдугаар сард томуугийн вакцин хийдэг. Энэ жил цар тахлын улмаас энэ сард эхлүүллээ. 11 хүртэл насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд сайн хамрагдаж байна.
2020 оны арван нэгдүгээр сараас хойш нийслэлд 44 иргэн гэртээ нас барсан. Суурь өвчтэй гэдгээ мэдээгүй иргэд халдвар авсны дараа бие нь хүндэрч, нас барсан тохиолдлууд бий. Өрхүүдийн хяналт тандалт жигдэрсэн. 300-аас дээш хүн халдвар авсан өрхийн эмнэлгүүдэд нэмэлт хүч илгээж байна. Дельта вирусын халдвар тараах чадвар илүү өндөр.
Дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн орших тухай ярьж эхлэв. Дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх иргэдийн хөдөлгөөн 120 хувиар өсжээ. Энэ нь цар тахлаас өмнөх үеэс илүү байгаа юм. Зоогийн газар гэх мэт бүх чиглэлд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэв. Арай цөөн хүнтэй дэлгүүрээр үйлчлүүлэх гэх мэтээр аль болох гадуур гарахгүй байх нь чухал. Мөн амны хаалтаа буруу зүүж байна. Халаас руугаа амны хаалтаа хийж, бохирдуулж байна. 5-6 хүнтэй уулзсан бол тэр бүхэнд амны хаалтаа солиорой. Гэртээ л амны хаалтаа аваарай. Бусад газруудад амны хаалтаа бүү ав, байнга хэрэглэх ёстой.