Иргэн Т Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газраас галт хэрэгсэл олжээ. Энэхүү дуудлага мэдээллийг аравдугаар 6-ны өдрийн 16.00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км зам туулан, 17.01 цагт очиход малчин Т “ТМ-62” маркийн цэнэгтэй танк эсэргүүцэгч мина олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ. “Энэ талаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн тайлбар өглөө.
Мөн өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутагт байрны өмнөх зогсоолд суудлын автомашин шатсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 6-ны өдрийн 12.52 цагт иргэн Г-ийн суудлын автомашин шатаж байна гэх дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, иргэн Г-ийн эзэмшлийн “Субару Импреза” загварын суудлын автомашины бүхээгт гал гарч шатсан аж. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид гурван минут ажиллан унтраажээ.