“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” өнөөдөр (2021.10.07) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Н.Алтанбаатар: Манай холбооны үндсэн зорилго нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, цагдаа нар хэн нэгний нөлөөнд автахгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Төрийн чиг үүрэг бүхий хууль сахиулж буй цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг турхирч, нийгэмд буруу ойлголт өгч байгаад харамсаж байна.
Танхай этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй биед нь халдаж байгаа тохиолдолд цагдаа албадлагын арга хэмжээ авна. Гэтэл өөрийн танхайрсан үйлдлээ хамгаалахын тулд гэмгүй, үзэл болоо илэрхийлж байсан энгийн иргэнийг саатуулсан мэтээр буруу ойлголт төрүүлж байна. Танхай этгээдүүд цагдаа нар руу дайрах нь хэрээс хэтэрлээ.
Манай холбоо байгуулагдаад арван жилийн турш дуугүй явсаар ирсэн. Цаашид дуугүй сууж чадахгүй. Цагдаа нар ажлаа орхиод, гудамжинд жагсаал цуглаан хийх боломжгүй.
Монгол Улс хууль эрх зүйтэй улс. Нэг танхай иргэний гаргасан үйлдлийн төлөө хэсэг нөхөд Хууль зүйн яамны гадна суллахгүй бол явахгүй гээд жагсаж байгаа юм бол өнөөдөр монголд танхайрч байгаа бүх хүний төлөө жагсаад явах хэрэг үү.
Миний хувьд иргэн Д.Монголхүүг чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй, энэ талаар яриагүй. Мөн бид нэг талыг бариагүй, цагдаа алдаа гаргасан бол шүүмжилж болно. Мөн иргэдийн хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнд цагдаа нар саад болоогүй гэдгийг ойлгоорой. Жагсаал цуглаан зохион байгуулахаа урьдчилж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй бол цагдаа нар тараах шаардлага тавьдаг. Цагдаа хуульд заасан үндэслэлээр л шаардлага тавьдаг.
Гарсан үйлдэл болгонд цагдаагийн байгууллага тайлбар хийгээд байх шаардлагагүй. Хэцүү нөхцөлд ажилладаг цагдаа нартай иргэд та бүхэн зөв, соёлтой харилцаж байхыг хүсье” гэв.